Цоохор ирвэс агнавал 2-8 жил хорих ял эдэлнэ
Цоохор ирвэс агнавал 2-8 жил хорих ял эдэлнэ

Гэрэл зургийн эх сурвалж: www.naturetrek.co.uk

Цоохор ирвэс бол Улаан номд бүртгэгдсэн Монгол Улсын нэн ховор, экологийн өндөр ач холбогдолтой амьтан. Дэлхий дээр 3500 орчим тоо толгой амьдардгаас 1000 орчим нь монгол оронд байдаг гэж Экологийн цагдаагийн албаны мэдээлэлд дурджээ. 

Ховор, нэн ховор төрлийн ан амьтныг хамгаалах хуулийн зохицуулалтууд манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байдаг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт Хүрээлэн байгаа орчны гэмт эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийн тухай заасан. 

Тус хуулийн 24.5 дугаар зүйл. Хууль бусаар ан агнах
  1. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэтэл гэмт этгээд нэн ховор эл амьтны 2,2 метрийн урттай арьсыг бусдад худалдах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Мөн ховор амьтдын жагсаалтад орсон ойн булганы долоон ширхэг арьс байсныг олж илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийж буй юм байна.  Тэгэхээр тухайн этгээд нь ховор болон нэн ховор амьтны олон тооны арьсыг ямар арга замаар олж авч, бусдад худалдах гэж байсныг тогтоосноор энэ хэргийн бусад холбогдогчдыг олж тогтоох, илрүүлэх арга хэмжээг цагдаагийн байгууллага явуулах юм. 

Хэрэв уншигч та хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар дуудлага мэдээлэл өгөх бол цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 7019-1070 дугаарын утсаар мэдэгдэх боломжтойг ташрамд сануулъя.