ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
Цагдаагийн байгууллагаас өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт машиндаа нас барсан байдалтай олдсон талаар өмнө нь мэдээлж байсан. Мөн өчигдөр иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл уг хэргийн талаар хэвлэлийн бага хурал зарласан. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-аас эл хэргийн талаар дахин мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг иргэн Б нь энэ сарын 21-ний өдөр гэрээсээ гараад ор сургаггүй алга болсон гэх гомдлыг түүний төрсөн дүү иргэн Н тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 25-ний өдрийн шөнө 00:57 минутад гаргасан. Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд талийгаач Б галт зэвсэг хэрэглэх сургалтад хамрагдаж, өөрийн нэр дээр галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдсон. Төрсөн дүүг нь болон өмгөөлөгч Ц-г хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Тэднээс ямар нэг санал хүсэлт гаргаагүй.
Хэрэгт гэрчүүдээс мэдүүлэг авах, хяналтын камеруудыг хураан авах зэргээр прокурорын хяналтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийн газраас хохирогчийн гэрээслэл олдсон гэдэг нь ташаа. Хууль журмын дагуу, прокурорын хяналтын хүрээнд цогцос таниулах ажиллагааг явуулсан гэж мэдээлэв.