Төрөх эмнэлгийн хүүхэд хөхүүлэх өрөөнд шинэхэн ээжүүд хэзээний туршлагатай нэгэн шиг алгын чинээ үрстэйгээ ярина. Дөнгөж төрсөн нярай юу ойлгох вэ дээ гэж би дотроо бодсоор өөрөө хүүхэдтэйгээ ярих оролдлого ч үл хийнэ. Ээж болоод тэднээс сурсан хамгийн эхний зүйл энэ байлаа.
Төрсний дараа эмнэлэгт тав хононо. Энэ өдрүүдэд ээжүүд хүүхдийнхээ учрыг олдог болоод гардаг. Анх удаа л ээж болж байгаа хэн бүхэнд мэдэхгүй, чадахгүй зүйлс олон. Сувилагч нар хөхөө зөв амлуулах, хүүхдийн живх солихоос эхлээд усанд оруулах, массаж хийх гээд бүгдийг нь зааж өгнө.
Хүүхэдтэйгээ ярих нь бүү хэл өөрийгөө ээж болсон гэдэгт ч итгэж ядам өдрүүд хөврөх зуур япон ээж нар шинэ хүнтэйгээ хэдийн “нүүр хагарчихсан” байдаг.
Хүүхдийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд ч нэг, хоёр настай гэлтгүй хүүхдүүддээ юмны учрыг маш сайн тайлбарлаж, яг л том хүнтэй харьцаж буй мэт ярих нь хаа сайгүй. Тав, зургаахан сартай хүүхдээ гулсуур дээр гулгуулахаар хүлээхдээ “дарааллаараа гулгана шүү” гэж заавал хэлнэ. Япончуудыг дараалал дайрахгүй, үнэнчээр соёлтой дугаарладгийг бүгд мэддэг билээ. Тэгвэл тэрхүү хүмүүжлийг дөнгөж төрсний дараа нэг хоёр дахь хоногоос нь төрөх эмнэлэгт ээж нь олгож эхэлдэг юм билээ.
“Дарааллаа хүлээж байгаад эмчдээ үзүүлчихье хоёулаа” хэмээн дөнгөж төрсөн “хариугүй амьтантай” ярилцах ээж өнөөдрийн япон соёлыг, япон хүнийг бий болгодог байх нь ээ.
Хүүхэд өсөж, цэцэрлэгийн босгыг алхахад тэднээс ажиглаж сурсан дараагийн зүйл бол “хүүхдэдээ хүлээцтэй хандаж, биеийг нь даалгах”. Гурван хүүхдээ гурван өөр цэцэрлэгт зөөдөг байсан би нэгийг нь аваад яаран нөгөөх рүү нь цагтай уралдан явдаг байсан тул хүүхэд өөрөө хувцаслахыг нь хүлээж тэсэлгүй яаруу сандруу өөрөө гялалзуулаад л хамаг хурдаараа дараагийн цэцэрлэг рүү гүйдэг байлаа. Гэтэл ардаа адилхан л ар гэр, хоол унд, ажил төрөлтэй япон ээж нар хүүхдэдээ их хүлээцтэй, тайван хандаж бүгдийг өөрсдөөр нь хийлгүүлнэ. Юм бүхэнд эв хавгүй, удаж удаж арай гэж өмссөн хувцсыг нь харчхаад “чи буруу өмсчхөж ээ, ахиад оролдоод үз дээ” гээд хүлээж байдаг. Хэдийгээр гурван цэцэрлэгийн цагт амжихын тулд хэдэн минут хэмнэж өөрөө бүгдийг хийдэг байсан ч япон ээжийн хүлээцтэй байдал хэдэн сарын дараа өгөөжөө өгч хүүхэд нь хувцас, гутлаа төвөггүйхэн хурдан өмсдөг болж байгаа нь нүднээ ил харагддаг байлаа.
Япон хүн, япон орноор сайн сайхан бүхнийг төлөөлүүлэн ярих бид дуртай. Япон хүмүүс ийм байхад бидний байгаа царай гэхчлэн харьцуулж ярих нь ч бий. Гэтэл япон хүний хүмүүжил, сахилга баттай байдал насанд хүрсэн хойно нь нэг л өдөр бий болоогүй, энэ бол ураг бүрэлдсэн цагаас нь эхэлдэг үйл явц аж.
Хүүхдийн насыг нь бага гэж гололгүй дараалалд зөв зогсохыг зааж, бусдад садаа болохгүй соёлд суралцахыг сануулж, зөв хандлагад хэвшүүлээгүй л бол хэдий насанд хүрсэн ч “жаал” хэвээрээ л үлддэг юм байна.