О.Очирпүрэв: Гарынхаа чилээг гаргаж, үеэ дуугаргах нь хурууны үрэвсэл үүсэх шалтгаан болдог
О.Очирпүрэв: Гарынхаа чилээг гаргаж, үеэ дуугаргах нь хурууны үрэвсэл үүсэх шалтгаан болдог

"Доктор үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч, анагаах ухааны доктор О.Очирпүрэв

Тэр тусмаа хурууны үеэ дуугаргах зуршлын уршиг 50 нас гарсан хойно илүү тодорхой илэрдэг. Буруу бүтэцтэй, далийх, удаан хөдөлгөөнгүй байж байгаад хөдөлгөхөд хөших, үе янгинах, гоо зүйн хувьд үзэмжгүй болох гэх зэрэг. 

Эцэг эхчүүд “Хуруугаа битгий дуугарга мойног хуруутай болно” гэж захидаг ч энэ үйлдэл нь залуусын дунд зуршил болжээ. Мөн зарим нь олон цагаар гар утас, компьютерын ард ажилласны дараа гарынхаа чилээг гаргах гэж дуугаргадаг. Гэтэл энэ нь одоохондоо онцын эмгэг, зовуурьгүй ч хөгширсөн хойно гар, сарвуундсөрөг нөлөөтэй талаар “Доктор үүр” гар сарвууны эмнэлгийн мэс заслын их эмч, анагаах ухааны доктор О.Очирпүрэвтэй ярилцлаа. 

-Хурууны үе дуугаргах үед ямар үйл явц болдог юм бэ?

- Энгийнээр тайлбарлахад нэг дор хамраа зуу маажихад шархална биз дээ.

Хурууны үеийг тогтмол дуугаргах нь үүнтэй ижил. Нэг үгээр бол тодорхой хэмжээгээр эд, эсүүдийг гэмтээж байдаг. Мэдээж хүн бүрийн бие, физилогийн онцлог өөр. Иймд зарим хүний хувьд энэ нь огт аюулгүй бөгөөд харин ч сайн зуршил байж болох юм. Харин заримынх нь гар, сарвууны бүтцэд өөрчлөлт орж, хурууны үе хавдаж, томордог.

Үеийг дуугаргахад хоёр ясны гадаргуу гэнэт тусгаарлагдан багахан хэмжээний зай гарч үений орчинд агуулагдах шингэний түвшин нэмэгдэнэ. Ингэж үений доторх хөндийг шингэнээр дүүргэсний дараа  түүнд агуулагдах хий нь хагарч буй чимээ гардаг бөгөөд үений бат бөх мөгөөрсөн холбоосууд гэмтэн цаашлаад үрэвсэл үүсэх шалтгаан болдог.

- Өвдөлт огт мэдрэгддэггүй шүү дээ. Энэ нь байнгын зуршил болох нэг шалтгаан болдог байх?

-Тийм. Өвдөлтийг хэмжих хэмжүүр гэж бий. Хурууны үеэ дуугаргахад тархинд өвдөлт мэдрүүлэх хэмжээний дохиог дамжуулдаггүй. Арьсыг илэхэд өвдөлт мэдрүүлэхгүй ч удаан хугацаанд үргэлжилбэл зулгалдаг шүү дээ. Үүн шиг давтамж, тоо олон болохоор гэмтээдэг. Тэр тусмаа хурууны үеэ дуугаргах зуршлын уршиг 50 нас гарсан хойно илүү тодорхой илэрдэг. Буруу бүтэцтэй, далийх, удаан хөдөлгөөнгүй байж байгаад хөдөлгөхөд хөших, үе янгинах, гоо зүйн хувьд үзэмжгүй болох гэх зэрэг. 

-Эмчлэх боломжтой юу? 

-Үений үрэвсэл цаг хугацаа өнгөрөх тусам улам их өвдөлт өгч, үеийг хөдөлгөхөд хэцүү болно. Зарим хүн ажил хийх ч боломжгүй болдог. Үеэр маш их өвдөлт өгч, үрэвсэл даамжирч, үений бүтцэд нөлөөлсөн тохиолдолд хагалгаагаар эмчилнэ. Гэхдээ амжилттай болох нь маш бага. 

-Буруу суухаар нуруу далийдаг гэдэг. Үүнтэй ижлээр гарыг нэг байрлалд удаан хөдөлгөж, ажилбал хор уршигтай юу?

-Тээврийн жолооч нар гарыг нэг байрлалд ажиллуулдаг. Ялангуяа олон жил том тэрэг барьсан жолооч нарын тохой тэнийхээ больсон байдаг. Иймд гарыг нэг байрлалд удаан байлгаж болохгүй. Мөн гар утасны хэрэглээнээс үүдэж гарыг удаан цагаар хөдөлгөөнгүй байлгах болсон. Энэ нь тохойн мэдрэлийг дарах аюултай. Мөн чигчий хуруу, ядам хурууны мэдрэл суларч эхэлдэг. Гар утас ашиглахдаа тохойг тэнийлгэж, үзэх хэрэгтэй. Манайхан нэг хэсэг утас тогтоогчийг ашигласан. Энэ нь зугаа болгож чамирхахаас илүүтэй гарыг амраах гэж бүтээгдсэн зүйл. Үүнийг бид ойлгохгүй байна. Олон цагаар таны гарыг ачааллахаас сэргийлсэн бүтээгдэхүүн гэж ойлгож болно. 

-Залуусын дунд гар сарвууны ямар эмгэг зонхилж байна вэ? 

-Залуус ихэвчлэн шөрмөс гацалтын эмгэгээр эмчилгээ, зөвлөгөө авахаар ирдэг. Тус гэмтлээр гурваас таван настай хүүхдүүд өвчилдөг. Энэ насны хүүхдүүд мөлхөх ямар нэг зүйлийгс тулж алхах, тоглох гэх мэтээр байнга хөдөлгөөнтэй бай өвчлөх нь бий. Миний хувьд эрхий хурууны шөрмөс өвддөг гэх зовуурьтай ойролцоогоор 8000 гаруй ээжийг үзсэн. Хүүхэд тэвэрсээр байгаад эрхий хурууны шөрмөс үрэвсэж гэмтдэг. Учир нь хүүхдээ бүүвэйлэх гэж тэврэх явцад эрхий хуруугаараа хүүхдийнхээ толгойг далийлгахгүй байх үүднээс хашдаг. Ингэж олон цагаар байнга тэвэрснээр хуруугаа нугалсан ч тэнийлгэх явцад өвддөг болдог. 

-Хуруу тулах үед халуун дээр нь татаад оруулчихвал зүгээр гэдэг. Энэ нь зөв арга уу?

-Дээр хэлсэнчлэн хүний хурууны үе болгонд холбоосууд байдаг. Энэ холбоосын гэмтлийг хуруу тулна гэж хэлдэг. Ихэвчлэн спортын гэмтэлд багтдаг хурууны үений холбоос бэртэх үед анхны тусламжийг зөв үзүүлж, дур мэдэн эмчлэх гэж оролдох буюу улам хүндрүүлэх эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн эмчид хандах нь нэн чухал юм. Хэзээ ч хурууг татаж болохгүй. Энгийнээр тайлбарлахад нэгдүгээр зэргийн гэмтлийг хоёрдугаар зэрэг болгох аюултай. Зөвхөн эмнэлгийн байгууллага, нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. 

-Оффиссын ажилчид  компьютерийн хулганыг буруу байрлалтай хэрэглэдэг гэж уншиж байсан юм байна?

-Компьютерийн хулганыг хэт удаан ашиглаж,  хэтэрхий их ажилласнаас үүдэж гар хавагнадаг. Иймд амраах хэрэгтэй. Бугуйн мэдрэл дарагдсан бол гарын алга, хуруугаар өвдөлт мэдрэгдэн бадайрах нь ажиглагддаг.

Дунд мэдрэл дарагдаад удвал булчингуудад хатингаршил үүсэж өвдөлт нэмэгдэж, ихэнх тохиолдолд мэс засал эмчилгээгээр шийдэгддэг. Үүнээс үүдэж сарвуу болон хуруу мэдээгүй болно, өвдөнө, хөдөлгөөн хөшүүн болж хүндэрнэ. Хэрэв булчингууд хэвийн бас хүч сулраагүй бол зүү эмчилгээ арай үр дүнтэй байдаг. 

-Нийгэмд гарыг зөв угааж хэвших гэх мэт ариун цэвэр талаас олон төрлийн зөвлөгөө, заавар бий. Тэгвэл  бид гараа хэрхэн эрүүл, хөдөлгөөнтэй байлгах вэ? 

-Бид гадныхныг шуудай гурил даадаггүй гэдэг. Үнэндээ тэд биеийнхээ онцлог, ачаалал даах чадвар, амрах цагаа зохицуулж сурсан улс. Манайхан нэг дайраад бушуухан ажлыг дуусгахыг эрмэлздэг. Ямар ч ажил хийсэн гарыг тайван амраах хэрэгтэй. Гар сарвууны эмгэг эртдээ ёстой л залуу насны хүчээр зовиурлах нь бага ч хожим ажиллагаагүй болох аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүх зүйлсийн хэрэглээ, ажиллагаа  зохистой байх хэрэгтэй. Ихэнх хүн гарыг янз бүрийн ослын улмаас гэмтээснээс бусад үед огт анхаардаггүй. Эсвэл хөгширсөн хойно гарын үеэр хүчтэй өвдөх, бүр ажиллаагүй болсон хойноо эмнэлэгт ханддаг. 

Нэг цаг ажилласан бол гараа заавал 15 минут амраах хэрэгтэй. Гараа зүгээр л тайван байлга. Чилнэ гэдэг нь булчин ядарч байна гэсэн үг. Түүнийг амраах гэж  дуугаргаж, хөдөлгөх шаардлагагүй. Гар сарвууны булчин чилнэ гэдэг нь биеийн бусад том булчингуудтай ижил ядарч байна гэсэн үг. Үүнийг бид мэдэггүй учир чилээгээ гаргах гэж ядарсан гарыг улам их ачааллуулж байдаг.

-Ярилцсанд баярлалаа