Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн 04 сарын 23, 24-нд боллоо.
"Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид"-ийн клубийн Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөнөөс бэлтгэсэн сурвалжилгыг үргэлжлүүлэн байна.
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид
“Дэлгэрэх шимт” хөрс хоршооны гишүүн Б.Пүрэвтуяа: Манай хоршоо бүх төрлийн нарийн, бүдүүн ногооны тариалалт эрхэлдэг 20 гаруй гишүүнтэй. Би таван жилийн өмнө хоршоондоо гишүүнээр элсэж орсон. Энэ хугацаандаа 10 гаруй төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нарийн ногооны өвөл зуны хүлэмжийн тариалалт эрхэлдэг боллоо. Цагаан манжингийн хачир, хүрэн манжингийн тосон дармал, кэйл байцайны хатаамал, гишүүнэгний чанамал, таван цулын бэлэн хоол, хүч тамирын шөл гэх зэрэг онцлог бүтээгдэхүүнүүдээрээ энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
“Дэлгэрэх шимт” хөрс хоршооны гишүүн Б.Пүрэвтуяа:
Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хоол хүнсэндээ ямар ч хаягдалгүйгээр хэрэглэх боломжтой. Кэйл байцайны нунтаг хатаамал гэхэд хүний биед хэрэгцээтэй маш олон төрлийн шим тэжээл, амин дэмийг агуулдаг. Хэрэглэхдээ буцалсан усанд цай шиг хутгаад ууж болно, хоолондоо цацаад идэх ч боломжтой. Таван цулын бэлэн хоол эрэлт ихтэй бүтээгдэхүүн болж байна. Будаатай, гурилтай гэх сонголттой. Ядаргаа тайлдаг шим тэжээл өндөртэй сайхан хоол болдог. Бид бүтээгдэхүүнийхээ органик чанар стандартыг хангахын тулд мэргэжлийн хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас сургалт зөвлөгөө авч ажилладаг.
“Хөвсгөл далай ээж нийгэмлэг”-ийн тэргүүн, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа:
Манай аймгийн нийт газар нутгийн 13 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Үүнээс гадна 50 дахь өргөргөөс урагш, хойших гээд орон нутгийн хамгаалалтад 100 хувь авсан, 2022 оны байдлаар Дэлхийн шим мандлын дархан газар хэмээн Хөвсгөл далайг тойрсон газруудыг хамгаалалтад авсан, дээр нь уул уурхайгүй аймаг. Үүнийг онцлохын учир Хөвсгөл нуурыг тэжээж байгаа бүх гол горхи, булаг шандны ус, Дархадын хотгор гэж ярьдаг Шишгэт голыг тэжээж байгаа голуудын ундарга нь байгалиасаа, хөрснөөсөө ундардаг. Энэ голууд малаас өөр ямар ч нөлөөгүйгээр хойд мөсөн далайн ай савын бүх голуудыг, Байгаль нуурыг тэжээж байдаг. Тэгэхээр ус нь цэвэр, хөрс нь цэвэр, ургамал нь цэвэр гэсэн үг. Ийм цэвэр ургамлыг идэж, усаар ундаалж байгаа малын мах, сүү цэвэр байхаас аргагүй. Малын ашиг шимээс бүтэж байгаа бусад бүтээгдэхүүнүүд бүгд цэвэр. Мөн энэ сайхан байгальд ургаж байгаа мод, өвс ургамал, жимс ногоо нь цэвэр учраас түүгээр хийж байгаа хүнсний бүтээгдэхүүн, мод модон бүтээгдэхүүн мөн цэвэр эко. Үүнийг би байгалиас гарч байгаа агуулгаар нь хэлж байгаа юм. Тиймээс энэ эрүүл аюулгүй цэвэр бүтээгдэхүүнээ идэж, ууж хэрэглэж байгаа иргэд нь өөрсдөө эрүүл чийрэг байх ёстой.
Үүнээс гадна би үнэт зүйл болсон энэ байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлийн процесст оруулаад, чанар стандартаар нь давхар баталгаажуулаад, зах зээлд нийлүүлэхэд иргэд, ААН-үүд маш сайн анхаарч, цаашид хэрхэн өргөн хүрээнд хөгжүүлэх вэ гэдэгт хамтраад санаачлага гаргаж ажиллаж байгаад баяртай байна. Энэ бидний бусдаасаа ялгарах, ондооших бас нэгэн давуу тал юм.
Дэлхий нийт органик, эрүүл аюулгүй гэдэг хандлага, агуулга руу анхаарч байхад дэлхийн шим мандлын дархан газарт байгаа Хөвсгөлийн органик бүтээгдэхүүнүүд органик бүтээгдэхүүний шошго баталгаажуулалтаа хийлгээд, стандарт шаардлагуудаа сайжруулаад явах нь чухал юм. Энэ бүхэнд үйлдвэрлэгч, иргэдээ сургах, соён гэгээрүүлэх, мэдлэг ойлголтыг нь тэлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна.
“SS” компанийн баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг: Хүнсний үйлдвэр, худалдааны салбарын бүтээгдэхүүн органик байхын тулд анхан шатнаасаа буюу түүхий эдээсээ эхлээд химийн найрлагагүй байгалийн гаралтай байх хэрэгцээ үүсэж байна. Үүнийг малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид бүгд мэддэг байх нь чухал. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн органик гэсэн шошготой худалдаанд нэвтрэх боломжтой.
"Бугын зуулт" ургамлын цай.
Органик хүнс, үйлдвэрлэл ярьж эхэлсэн сүүлийн 10 орчим жилд бид анхдагч түүхий эдийн талаар нэлээн ярьж ойлголттой болсон. Одоо үйлдвэрлэлийн шатанд ярьж зөвлөн тусалж мэргэжлийн байгууллагууд оролцож байна. Малчдаас эхлээд үйлдвэрлэгчид хүртэл бүтээгдэхүүнээ органик болгохыг бүгд хүсч байна. Хэрэглэгч үйлдвэрлэгчийг холбох дундын худалдааны байгууллагууд органик хүнсний ач тусыг мэддэг, худалдан авагчдад таниулах хэрэгцээ байна. Ингэвэл хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ худалдаалж чадна. Мөн органик бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг зорьж байгаа үйлдвэрлэгчид гаднын орны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх аргачлалтай танилцаж, үйлдвэрлэлийн явцаас үзэж өөрийн орон нутагтаа нутагшуулах боломжууд бий.
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөнд оролцогчид
*********************
Зарим тоон мэдээлэл: