Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн 04 сарын 23, 24-нд боллоо.
Нөөшилсөн загас, жимсний чанамал, “Тайга”, “Хөвсгөл” цай араасаа олон “дүү” дагуулжээ. Чацаргана, аньсны цэлцгэнүүр, борц, таван цулын бэлэн хоол, хоолны бэлэн хачир, олон үртэй, самартай талх гээд жагсаачхаж Хөвсгөлийнхөн. Энэ бол Хөвсгөл аймгийн органик шошгын болзол хангасан, хангах гэж буй бүтээгдэхүүнүүдийн нэг хэсэг нь …
Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн 04 сарын 23, 24-нд болж, 350 гаруй бизнес эрхлэгч туршлагаа хуваалцан, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, “Органик шошго” той бүтээгдэхүүнүүдээ таниулан сурталчиллаа.
Тус аймаг 2023 онд 6,2 сая толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн, сүүлийн нэг жилд малчин өрх 300-аар нэмэгдэн 19 500-д хүрсэн, нийт 33 000 гаруй малчин 6 хошуу мал маллан амьдарч байгаа, ХАА-н үйлдвэрлэл голлосон, уул уурхайн үйлдвэргүй гээд онцлогтой аймаг.
Хөвсгөл аймаг жилдээ хөдөө аж ахуйн гаралтай 422 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс зөвхөн мах нийлүүлэлтээр 1.8 сая 240 тэрбум төгрөгийн орлого олж байна. Органик хүнс үйлдвэрлэлээ өргөжүүлж, ОУ-ын зах зээлд гаргах зорилттой ажиллаж байгаагаа үйлдвэрлэгчид зөвлөгөөний үеэр танилцууллаа. Аймгийн Засаг дарга П.Лхагважав “Хөвсгөл Органик” зөвөлгөөн нээж хэлсэн үгэндээ "...Органик Хөвсгөл”, “Рэнчинлхүмбэ Органик” хамтын баталгаажуулалтын байгууллага бий болж “Шишгэд цай”, “Дархад цай”, “Байгалийн нэрс”, “Аньс”, “Цөцгий” зэрэг 15 бүтээгдэхүүнийг баталгаажууллаа. Цаашид энэ салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхийн тулд зөв гарц, гаргалаа, хамтын шийдвэр чухал” гээд зөвлөгөөнөөс гарсан санал хүсэлтийг бодлого үйл ажиллагаандаа тусган ажиллахаа мэдэгдсэн.
Улсын хэмжээнд “Органик шошго” авсан 700 гаруй бүтээгдэхүүн байгаагийн ихэнх нь Улаанбаатар хотынх. Аймгуудаас Хөвсгөл аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгчид санаачилгатай ажиллаж “Органик шошго”-ын болзлыг сайн хангаж байна. Одоогоор 20 шахам бүтээгдэхүүн болзлоо хангаад байна” гэж хянан баталгаажуулалтын “SS” компанийн баталгаажуулалтын зөвлөх Л.Тунгалаг ярилаа. Цаашид “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд салбарын хөгжлийг чиглүүлж, хүнсний ногоо, мах боловсруулах үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжиж, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлыг байрыг нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байгаагаа аймгийн удирдлагууд танилцууллаа.
“Хөвсгөл органик” бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнөөр салбартаа үр бүтээлтэй ажилласан Эрдэнэбулган, Ханх, Шинэ-Идэр, Улаан-Уул, Төмөрбулаг, Цэцэрлэг, Мөрөн, Тариалан, Цагаан-Уул сумын үйлдвэрлэл эрхлэгч 10 төлөөлөл хөдөө аж тасгийн мэргэжилтнүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн Үйлдвэрийн болоод үйлдвэр, худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.
ХХААХҮЯ-ны ХХҮҮХ-ийн дарга О.Онон:
2016 оноос хэрэгжиж байгаа “Органик хүнсний тухай хууль”, бусад тушаал шийдвэрүүдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, органик хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зохицуулалтууд нарийн тусгагдсан. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард дээрх хуулийг шинэчлэн баталсан. 2025 оноос хэрэгжинэ. Үүнд Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа УИХ–ын тогтоол хэрэгжиж байна. Энэ хүрээнд газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн гээд хүнсний сүлжээнд хөнгөлөлттэй зээлүүдийн дэмжлэгийг үзүүлж байна. 2023 онд Хөвсгөл аймгийн 60 гаруй ААН 8,8 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээл 2024 онд үргэлжилнэ. Органик гэдэг нь зөвхөн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэх гэдэг агуулга дээр яригдах зүйл биш. Байгаль орчинд ээлтэй, байгалийн баялгийг хадгалах, хамгаалах үр дүнтэй үйлдвэрлэлийн чиглэл, хэрэглээний гол хандлага болж байна. Энэ үйлдвэрлэлийг худалдан авалтаар дэмжих, хэрэглэгчдийн мэдлэг хандлагыг нэмэгдүүлэх тал дээр давхар анхаарч, тогтвортой хөгжүүлэх шаардлагатай байна.
Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр:
Хөвсгөл аймаг аялал жуучлалын эко бүс нутаг учраас бүтээгдэхүүн нь эрүүл чанартай байх ёстой. Бидний хэрэглэгчдэд баталгаатай хүнс нийлүүлэх хамгийн том суурь нь энэ. Одоогоор органик баталгаажуулалтыг хийх эрх авсан гурван компани бий. Цаашид Хөвсгөл аймгийн олон ААН, компаниуд авахаар зорьж ажиллаж байна. Тухайлбал “Цагаан уул” үүлдрийн хонины органик махны баталгаажуулалтыг хийлээ. “Хөх сувд” жимсний цех бүтээгдэхүүнүүддээ баталгаажуулалт хийлгээд, дотоодын зах зээлд өргөнөөр худалдаалж байна. Мөн ноолууран бүтээгдэхүүн дээр органик баталгаажуулалтыг хийгээд байна. Мөшгөн мөрдөх тогтолцоогоор QR код уншуулж Доржийнхоос гарсан ноолуураар сүлжсэн органик бүтээгдэхүүн мөн байна гэдгийг баталгаажуулж байгаа гэж ойлгож болно.
Ренчинлхүмбэ суманд гэхэд баталгаажуулалтын зургаан баг ажиллаж байна. Эдгээр баг “Дархад”, “Шишгэт” цайнд хамтын баталгаажуулалт хийгээд хөндлөнгийн баталгаажуулалт буюу мэргэжлийн байгууллагаар органик болохоо батлуулна. Ийм байдлаар олон найдвартай органик бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэхээр хамтдаа зорин ажиллаж байна.
Үргэлжлэл бий ...