Цагдаагийн байгууллага хяналтын камерын тоог нэмж байна
Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг сайжруулах чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн оролцоо дэмжлэгтэйгээр хяналтын камерын тоог нэмэгдүүлж, аюулгүй “Ногоон бүс” бий болгох ажлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд эрчимжүүлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран тус дүүргийн бүх хороог теле камерын бүрэн хяналтад авснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд гэмт хэргийн дуудлага мэдээлэл 41.4 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 40 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сайн туршлагыг үргэлжлүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сард “Тайван хот - Таны оролцоо” гэсэн уриан дор нийслэлийн 5 дүүргийн 12 хороог тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр “Ногоон бүс” болгон камержуулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа аж.
Дээрх хороодыг камержуулснаар нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах аюулгүй байдлын баталгаа болно.