Гэрэл зургийн эх сурвалж: hp-drones
Хэлбэр үнэлэгдэж, агуулга ард хоцорсон монголын нийгэм
“... Эгэл даруу, хүнлэг энэрэнгүй, гэгээн төрх бидний сэтгэлд үүрд үлдэж, байгуулсан гавьяа тань мөнхөд дурсагдах болно...” Хэлбэр төдий ийм үгтэй эмгэнэлийн давтамж, баяр ёслол мэт гашуудлын цуваа хэт олширлоо.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд онцгой байдлын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад амь үрэгдсэн тохиолдол гурван удаа гарч, таван сайхан залуугийн нэр л эмгэнэл дотор үлдэв. Өнгөрөгч оны 12 дугаар сард гал түймрийн үеэр эцсээ хүртэл хүний амь аварсан цэл залуухан дэслэгч амиа өргөснийг одоо санах хүн цөөн.
Эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн гэдэг хэдэн үгээр халхавч хийж нүцгэн гартай алба хаагчдаа гал, усны аюул руу оруулдаг онцгой байдлын алба Монголоос өөр оронд байдаг уу?
Ойрхон зайтай гурван удаагийн осол, таван хүний цаг бусын үгүйрлийн дараа ч албаны техник, хэрэгслийг шинэчлэх, аюулгүй байдлыг хангах, хариуцлага хүлээх тухай огт дуугардаггүй онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, төв байгууллага Монголоос өөр газар байх боломжтой юу?
Хэрэв Монгол Улсаас өөр газар бол ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?
Онцгой байдлын техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл орчин үеийн бус, хүчин чадал муутай, хүрэлцээгүй, хуучирч муудсанаас болж алба хаагч амиа алдаж байгааг мэдвэл гудамжинд гарч жагсаал хийнэ. Онцгой байдлын алба хаагчдын хангамжийг сайжруулахыг эрх баригчдыг үйлдэл хийтэл нь хурцаар шаардах болно.
Өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэх нь аль ч орны цэрэг, тусгай алба хаагчийн хамгийн их эрхэмлэдэг зүйл. Гэвч тангараг гэдэг үгийн ард өчүүхэн бага цалин, асар их дарамт шахалт, өлөн хоосон томилолт, өршөөлгүй аюул ослыг нууж гүйцэтгүүлдэг алба Монголоос өөр газар байхгүй болов уу. Цалинг нь л харьцуулж үзэхэд Монголын аврагчид Ирландын гал сөнөөгчдөөс 13 дахин бага мөнгөөр ажил хөдөлмөрөө үнэлүүлдэг Энд дарж унших юм.
Хүний амь эрсэдсэн ямар нэгэн осол эндэгдэл тохиолдсон бол дараагийн удаа давтахгүй байх дээр бүх анхаарлаа хандуулах байсан. Алба хаагчдын хувцас хэрэгсэл, шаардлагатай техник тоног төхөөрөмжийг шинэчлэх зохион байгуулалтын ажил хийнэ. Хамгийн эхэнд
БНХАУ-д робот төхөөрөмжийг гал унтраахад ашиглаж байгааг, Японы эрдэмтдийн бүтээсэн алсаас удирддаг “луу гал сөнөөгч”-ийг, Португалд үйлдвэрлэсэн агаараас ус цацаж галыг бага дээр нь унтраах чадвартай дроныг судлах, боломжтой бол худалдаж авах ажлыг зохион байгуулна.
Мөн салбар хариуцсан сайд болон онцгой байдлын төв байгууллагын удирдлагууд ард түмний өмнө бөхийн уучлалт гуйж ажлаа хүлээлгэж өгөх байсан, манайхаас өөр оронд бол.
Амь насаараа дэнчин тавьж гүйцэтгэдэг ажил үүргүүдийн нэг бол аврагч, гал сөнөөгч мөн. Гэхдээ хэзээ, ямар нөхцөлд, ямар хамгаалалттай гэдэг асуудал нэн тэргүүнд байна. Хүний оршихуйг эрхэмлэж, ээлтэй нийгмийг бүтээхийн төлөөх улс орнуудад бол алба хаагчийн амь насыг хамгаалах, аюулгүй байлгах асуудлыг хуулиараа зохицуулчихсан байх нь ойлгомжтой. Тиймээс хүний амийг байраар “үнэлнэ” гэж чанга дуугарах шаардлага, ёс суртахуунгүй байдал ч Монголоос өөр газар хэрэггүй.
Монгол Улсын онцгой байдлын байгууллагад юу шаардлагатай вэ?
Алба хаагчдын ажил хөдөлмөрийг шударгаар үнэлэх буюу цалинг нь уул уурхайн компанийн инженерийн түвшинд хүртэл нэмэх.
Алба хаагчдын хувцас хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэх. Ноорхой хувцас, нүцгэн гартай алба хаагчдаа аюулын голомт руу “тушаал, тангараг” хоёроор ташуурдаж оруулдаг болхи тогтолцоогоо халах.
Албаны үйл ажиллагаанд эрдэм шинжилгээ, судалгааны үндэслэлтэй үр дүнг нэвтрүүлэх, бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, бусдын хөгжлөөс суралцах.
Эдгээр нь хүршгүй зүйл биш бөгөөд хүнээ “капитал” гэж үнэлдэг дэлхийн бусад орны онцгой алба, аврагч, гал сөнөөгчдөдөө зориулан хэрэгжүүлдэг л үйл ажиллагааны хэсэг юм.