Хүүхэд, залуучуудын театр 4-р сарын 25-нд буюу пүрэв гарагт албан ёсоор нээх гэж байна.
Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орж буй 850 хүний багтаамжтай Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байна.
Театр ашиглалтад орсноор тус дүүргийн 341 мянган хүн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдэнэ.
Театр нь хүүхэд залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болж, номын сан, кафе, дугуйлан, сургалт зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх юм байна.
Соёлын сайд Ч.Номин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж буйтай холбогдуулан театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин үйл ажиллагаа явуулж эхлэх үед хүүхэд залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллахыг анхааруулав.