Гэрэл зургийн эх сурвалж: Pexels, Mikhail Nilov
Эх дэлхийн өдөр олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсэн нь 1990 оноос эхлэлтэй юм. Улмаар 1992 онд НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаар уур амьсгал, байгаль орчны асуудлыг хэлэлцэж, жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-нд байгаль орчин, дэлхийдээ ээлтэй байхыг уриалах, хүмүүсийг мэдлэгжүүлэх, сургах, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлдэг болсон билээ. 2024 оны байдлаар 192 оронд 75 мянга гаруй түншүүд эх дэлхийгээ авран хамгаалахын төлөө ажиллаж байна.
Хэрхэн эхэлсэн бэ?
Хамгийн анхны Эх дэлхийн өдрийг 1970 оны дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-ын сенатор Гейлорд Нелсон, нийгмийн идэвхтэн Денис Хэйс нар зохион байгуулжээ. Тэд сая, сая америк хүнийг уриалж, олон арван жилийн турш эрчимтэй өрнөсөн аж үйлдвэрийн хөгжлийн байгаль орчинд үүсгэж буй ноцтой асуудлуудыг дэвшүүлэн гаргасан.
1969 оны эхээр Өмнөд Калифорниа дахь Санта Барбарад их хэмжээний газрын тос асгарсан, Охайо мужийн Кливленд хотын Куяхога гол бохирдож гал гарсан зэрэг нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад зогсохгүй нийтийн эгдүүцэл бухимдлыг нэмсэн юм.
Эдгээр үйл явдал улс төрийн орчинд асар их нөлөө үзүүлжээ. Тухайн жилийн эцэс гэхэд байгаль орчны асуудал нь улс төрийн системийн үнэ цэнтэй хэсэг болж, АНУ Байгаль орчныг хамгаалах агентлаг байгуулжээ. Мөн дараагийн жилүүдэд нь байгаль орчны тухай олон хууль баталсан байна.
Дэлхий VS хуванцар
Жил бүрийн энэ өдөр анхаарал хандуулах асуудал, зорилгодоо тулгуурлан тодорхой сэдвийг сонгодог. Тэгвэл 2024 оны “Эх дэлхийн өдөр”-ийн үйл ажиллагаа, кампанит ажил нь хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлын төлөө хуванцар хэрэглээг зогсоох асуудалд анхаарлаа хандуулна. “Planet vs Plastics” буюу “Гараг дэлхийн эсрэг хуванцар” уриаг дэвшүүлж, 2040 он гэхэд бүх хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулахад хүчин чармайлт гаргахыг шаардсан байна.
Дэлхий даяар хуванцар үйлдвэрлэл 2022 онд хамгийн өндөр түвшинд хүрч, 400 сая тонныг давжээ. Тиймээс хуванцар үйлдвэрлэлийг бууруулах хүсэл тэмүүлэл, зорилтдоо хүрч дэлхийгээ хуванцаргүй гараг болгохын тулд 54 дэх удаагийн "Эх дэлхийн өдөр" нь хуванцар бохирдлын хор хөнөөлийн талаар олон нийтэд сурталчлах, хувцас загварыг илүү тогтвортой болгох бодлогыг шаардах, шинэ материал, технологид хөрөнгө оруулахад чиглэж байна.
Энэ удаагийн бас нэгэн чухал зорилт бол 2030 он гэхэд нэг удаагийн хуванцар хэрэглээнээс татгалзах шаардлага юм. Дэлхийн өдөр буюу Earthday.org байгууллагаас хуванцар бохирдлын эсрэг эрх зүйн баримт бичгийг энэ оны сүүлээр болох Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооны (INC-5) сүүлчийн хуралдаанд хүргэх ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа аж.
Яагаад эх дэлхийн өдөр гэж?
Эх дэлхийн өдрийн гол хүчин зүйлсийн нэг бол олон нийтийн хүч. Олон сая хүн нэгдэх нь өөрсдийн гаргийн ирээдүйг өөрчлөх нөлөө бүхий хөдөлгөөн болж чадна.
Эх сурвалж: statista