Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Улсын онцгой комиссын ээлжит хуралдааны үеэр УОК болон Засгийн газраас зудын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу улсын нөөцөөс нийт 14 мянган тн тэжээл, 850 тн өвс, 1164 тонн гурил, 582 тонн цагаан будаа, 1800 ширхэг хүсний болон эрүүл мэндийн багцыг малчдад олгоод байна. Мөн аймаг, сумын аюулгүй нөөцөд бэлтгэсэн 27 658 тн өвсийг 141 572 өрхөд, 9 915 тн тэжээлийг 136 634 өрхөд тус тус олгож, 132 897 км замын цасыг арилгаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Гэвч өвөлжилт хаваржилтын хүндрэлээс шалтгаалж улсын хэмжээнд нийт 4481 өрх мал сүргийнхээ 70 ба түүнээс дээш хувийг алдсан бол 486 өрх огт малгүй болсон байна.
Мөн өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газраас малын сэг зэм устгалын явцын талаар танилцуулсан. Энэ сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 6.6 сая мал хорогдсон нь нийт малын 10.2 хувийг эзэлж байна. Үүнээс Сүхбаатар аймагт 1.6 сая, Хэнтийд 904.6 мянга, Архангайд 692.0 мянга, Дорноговьд 542.5 мянга, Төв аймагт 535.4 мянган мал тус тус хорогджээ. Мал эмнэлгийн ерөнхий газраас улсын хэмжээнд нийт мал устгалын 1577 цэг байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт устгах ёстой сэг зэмийн 17 хувийг устгаад байгаа бөгөөд уг ажлыг ирэх сарын нэгэн гэхэд дуусгахыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяад даалгалаа.