Олимпын алтан медальт, сэлүүрт завины тамирчин Стефанос Нтускос олимпын бамбарын буухиаг эхлүүллээ. Грек даяар 11 хоногийн турш 5000 км аялах бамбарыг 600 гаруй хүн буухиалах ажээ. Louisa Gouliamaki/Reuters
Олимпын өлгий нутаг эртний Грекийн Олимп тосгонд “Парис 2024” олимпын наадмын бамбарыг асаах ёслол боллоо. МЭӨ 776 онд анх наадам тэмдэглэж байсан цэнгэлдэх хүрээлэнд зочид төлөөлөгчид, иргэд, олон нийт цугларч олимпын бамбарын дөл ассан түүхэн үйл явдлыг гэрчлэв.
Олимпын бамбар асаах ёслолд Грекийн жүжигчин Мэри Мина их тайлгачийн дүрд тоглож Парис-2024 олимпын бамбарыг асаалаа. Alkis Konstantinidis/Reuters
Ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпын наадмын бамбар Грек даяар 11 хоногийн турш 5000 км аялах бөгөөд алдартай тамирчдаас эхлээд эгэл жирийн иргэдийн төлөөлөл оролцсон 600 гаруй хүн буухиалах ажээ. Энэ сарын 26-ны өдөр Афин хотын зүрхэнд оршдог 1896 онд анхны орчин үеийн олимпын наадамд зориулан бүтээсэн түүхэн дурсгалт газар “Панатенаик” цэнгэлдэх хүрээлэнд Парисын олимпын зохион байгуулагчдад бамбарыг хүлээлгэж өгөх юм байна.
Грекээр 11 хоног аялсан олимпын бамбарыг Афинаас Францын Марсель боомт хүртэл 120 жилийн настай, гурван шурагтай “Белем” хэмээх түүхэн хөлөг онгоцоор тээвэрлэх юм байна.
Эх сурвалж: СNN