Гэрэл зургийн эх сурвалж: Dorj palam FB хуудас
Өнөөгийн ертөнцийг бүтээсэн үндэс суурь нь шинжлэх ухаан. Шинжлэх ухаангүйгээр ямар нэгэн техник технологийн дэвшил, хурдацтай хөгжлийн тухай ярих боломжгүй юм. Гэвч энэ цагийн монголчууд шинжлэх ухаан гэх ойлголтоос хэт хол хөндий байж, ач холбогдлыг нь үл анзаардаг гэж хэлмээр байвч чадашгүй нь. Учир нь миний энэ өнгөц ойлголтыг өнгөрсөн ням гарагт болсон “Scicon 2024” буюу Science Conference 2024 арга хэмжээ орвонгоор нь өөрчилсөн юм.
Амралтын өдрийн өглөөний есөн цагт Соёлын төв өргөөний үзэгчдийн суудал пиг дүүрч, албан ёсны арга хэмжээ эхлэхийн өмнөх төвлөрүүлэх бясалгалын үеэр хоцорч ирсэн хүмүүс бусдадаа саад болохгүй тулд сандал хоорондын шатан дээр чимээгүй сууцгаав. Гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ганцаараа гээд бүх насны төлөөллөөс бүрдсэн энэ хүмүүс бол шинжлэх ухаан сонирхогчид. Бас “Гэж юу вэ?”-ийн үзэгчид.
"Scicon 2024"-ийн үзэгчид. Соёлын төв өргөө - 2024.04.14
Таван жилийн өмнө анх Youtube суваг дээр “Gej yu ve?” нэртэй шинжлэх ухааныг ойлгомжтой, цэгцтэй хэлбэрээр тайлбарлаж эхэлсэн Туркийн Хуурай замын цэргийн академийн төгсөгч А.Доржпалам, Д.Дамдинсүрэн, Б.Ганцацрал нарын контент өнөөдөр шинжлэх ухаан сонирхогчдын хувьд хэдийн танил болсон. Шинэ контент нь олон хүнд таалагдахын зэрэгцээ өргөн нэвтрүүлгийн Тэнгэр телевизээр орон даяар цацаж эхэлсэн юм. Ингээд өнгөрсөн жил тэд 500 хүнтэй шинжлэх ухаан сонирхогчдын чуулган хийхээр зоригложээ.
Зүүн гар талаас Д.Дамдинсүрэн, А.Доржпалам, Б.Ганцацрал нар.
“Өнгөрсөн жил Scicon-ыг анх удаа зохион байгуулъя гэж байхад үүнийг амжилттай болно гэдэгт цөөхөн хүн л итгэж байлаа. Залуус рок тоглолтын тасалбар мэт шинжлэх ухааны эвентийн тасалбарыг уралдан авна гэдэг үнэмшилгүй санагдсан биз. Гэхдээ бид чадсан. 500 хүний зорилт тавьсан ч 700 хүн багтаж ядан дүүрсэн. Тэд бүтэн өдрийн турш 10 хэмжээст ертөнцийн тухай, квант компьютер хэрхэн ажилладаг тухай тархи дэлбэлэм агуулгуудыг шимтэн сонсож байлаа. Нөгөө талаас яг л рок оддод зориулсан мэт гялалзсан тайзан дээр хүндэтгэлтэйгээр илтгэл тавьж буй эрдэмтэд маань мэдлэгийг үнэлж буй энэ олон хүнийг хараад урам зориг, ирээдүйдээ итгэх найдварын оч дүрэлзсэн нь гарцаагүй” гэж “Gej yu ve?”-ийн үүсгэн байгуулагч А.Доржпалам онцолсон юм.
Харин энэ жил тэд хоёр дахь удаагаа Тэнгэр телевизтэй хамтран “A new hope” буюу айсуй найдвар уриан дор 1400 хүнийг нэг дор цуглуулж, бүтэн өдрийн турш шинжлэх ухаан, танин мэдэхүйн ертөнцөөр аялуулсан юм. Ингэхдээ хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлж буй дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх компанид ажилладаг монгол залуусын сонирхолтой илтгэлүүдээр эхэлсэн нь шууд л анхаарал татаж эхлэв. Шинжлэх ухаан огт сонирхдоггүй хүн ойлгоход хүндрэлтэй ч чих тавин чагнахаас аргагүй, А.Доржпаламын хэлснээр тархи дэлбэлэм агуулгууд ар араасаа хөвөрч эхлэв.
Эхнийх нь “Starship”: Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчирхэг цойлуурын тухай НАСА-д ажилладаг Б.Баярбадрахын танилцуулга байлаа. Түүний хувьд урьд өмнө хэзээ ч байгаагүй 120 гаруй метр өндөртэй, хоёр угсраа хөдөлгүүр бүхий хамгийн хүчирхэг сансрын хөлөг болон үүнийг дагаад сансар руу ачаа тээвэрлэх зардал хэрхэн буурч, эдийн засаг, технологийн ямар боломжууд гарсан тухай ярив.
Дараагийн илтгэгч нь Солонгосын Чэжүгийн их сургуулийн судлаач Т.Гансүх. Тэрбээр шинжлэх ухаан сонирхогчдод “Nanograv” - Гэрлийн жилийн урттай гравитацийн долгионы тухай тайлбарлав. Гэрлийн жилийн хурдтай гравитацийн долгионы мэдээллийг пулсар буюу сөнөсөн оддын тусламжтайгаар бүртгэж авдаг аж. Ингээд эцэст нь гэрлийн жилийн хурдтай долгион байдаг бөгөөд энэ нь асар хүнд масстай хуйлран нэгдэж буй хар нүхний нөлөөгөөр бий болж байна гэдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Энэ нь 2017 онд шинжлэх ухаан ертөнцөд дуулиан болж, Reiner Weiss , Barry C.Barish, Kip S.Thorne нар 2017 оны физикийн салбар дахь Нобелийн шагналын эздээр тодорсон юм.
"Scicon-2024" арга хэмжээний үзэсгэлэнгийн хэсэг.
Эдгээр сонирхолтой илтгэлийн дараа Японы Таяома их сургуулийн судлаач Ч.Чинзориг “Хүний тархинд чип суулгалаа”, Mazaal AI үүсгэн байгуулагч Б.Энхболд “Хиймэл оюуны тэсрэлт” зэрэг танилцуулгаар Scicon-2024 арга хэмжээ үргэлжлэхээс гадна “Change my mind” цуврал ярилцлага болов. Харин үдээс хойш дотооддоо шинжлэх ухааны судалгааг хөгжүүлж буй, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, төгсгөлд нь “Айсуй найдвар” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Илтгэгч, хэлэлцүүлэгт оролцогч бүрийн ярьсан хэлснийг энд багтаах боломжгүй ч МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Т.Төртогтохын “Сарыг хулгайлах төлөвлөгөө” шинжлэх ухаан сонирхогчдын анхаарлыг эрхгүй татаж байв.
МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, дэд профессор Т.Төртогтох
Түүний хувьд өндөр хөгжилтэй улс гүрнүүд саран дээр газардаж, тэнд хүн амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд хэрхэн өрсөлдөж буй тухай танилцуулсан. Хүн төрөлхтөн саран дээр суурьшихын тулд юун түрүүнд дэд бүтцээ бий болгох хэрэгтэй аж. Учир нь сар эмзэг, сул хөрстэй тул маш их тоос босдог. Иймээс саран дээр нэн тэргүүнд төмөр зам барих шаардлагатай гэсэн юм. Энэ мэтээр саран дээр ажиллах боломжтой сансрын технологи, инновац нэвтрүүлэх боломж монголчуудад бас бий. МУИС-ийн багш, оюутнууд болон Монголын сансрын технологийн холбооноос зохион байгуулдаг Кансат тэмцээнд оролцдог залуус яг ийм чиглэлээр өрсөлдөж, энэ технологийг монголд хөгжүүлэхээр хичээж байна. Сансрын технологийн туршилт судалгааг хангалттай түвшинд хийж чадвал бид ч энэ салбарт өрсөлдөх боломжтой болсон. Бидэнд сарыг хулгайлах шинэ өрсөлдөөний төлөөлөл болох хувь заяа ирчихсэн байна. Тэгэхээр шинжлэх ухаанаа хөгжүүлье. Хувь заяагаа өөрсдөө эзэмшье гэж залууст уриалсан юм.
1400 хүн бүтэн өдрийн турш шинжлэх ухаан, танин мэдэхүйн ертөнцөд саатсан нь энэ. Үндсэн илтгэл, хэлэлцүүлгээс гадна олон сонирхолтой танилцуулгыг зохион байгуулагчдын зүгээс бэлджээ. Салбар, салбарын төлөөлөл болсон 13 байгууллагын үзэсгэлэн, мини кино театр, ном, киноны хэлэлцүүлэг бүхий Sci-Fi Talk, Монголын оюун ухааны академи, Space академийн сонирхолтой сургалтуудыг зохион байгуулав. Арга хэмжээний төгсгөлд “Гэж юу вэ?”-гийн үүсгэн байгуулагч А.Доржпалам Карл Саганы “Космос” номыг орчуулж, ирэх намрын номын баяраар олны хүртээл болгохоор төлөвлөж байна гэдгээ дуулгалаа. Мөн www.gejyuve.com шинжлэх ухааны платформ ашиглалтад оруулснаа зарласан юм.
“Гэж юу вэ?”-гийн үүсгэн байгуулагч А.Доржпалам:
Манай бүх агуулга ирээдүйд биднийг хүлээж буй шинэ найдварын тухайн танд сэдэл өгнө. Гэхдээ хамгийн чухал нь та ч бас өөрийгөө айсуй найдвар гэдгээ ухаараасай гэж хүсэж байна.
Айсуй найдвар бол шинжлэх ухаан сонирхогчид.