Гэрэл зургийн эх сурвалж: Өдрийн сонин
Дорноговь аймагт 11 настай охиныг хулгайлж, хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэж, шүүгдэгч Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оногдуулав
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбаатарын Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцээд шүүгдэгчид бүх насаар нь хорих ял оноолоо.
Шүүгдэгч Үхэрчин овогт Ганбаатарын Гантулгыг:
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн хулгайлах” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
- Мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд,
- Мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.7-д зааснаар “Онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож бүх насаар нь хорих ял оноолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгад оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр