Засгийн газрын тогтоолыг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбад хүргэлээ.
Бурханы шашны сургалтын үйл ажиллагаа явуулдаг 112 дугаар сургуулийн барилгын зураг төсвийг шинээр хийж, барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна. Иймээс Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр холбогдох шийдвэр болон төсвийн тооцоолол, сургалтын хөтөлбөр зэргийг Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид гардуулж өглөө.
Нэгдүгээр сарын 31-ний өдөр Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол батлагдсан юм.
2023 оны 12 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Дараа нь энэ оны 1-р сарын 3-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэл гарч Бурханы шашны сургалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосон юм.
Ингээд нэгдүгээр сарын 31-ний өдөр Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 48 дугаар тогтоол батлагдан гарсан байдаг. Эдгээр баримт бичигт үндэслэн БШУ-ны сайдын тушаал, НИТХ-ын шийдвэр гарч 112-р сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам хуврагуудын хамт.
Засгийн газрын тогтоолын дагуу Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн үйл ажиллагааг шат ахиулах, 112 дугаар сургуулийн онцлогийг харгалзан төрөлжсөн болон нэмэлт хөтөлбөртэй байхаар шийдвэрлэлээ. Мөн энэ чиглэлээр гадаад улсад суралцаж байгаа Монгол иргэдийн мэдээллийг гаргах, бүртгэлжүүлэх, дүйцүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.