Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээгээр гадаад иргэний оршин суухыг олгоно.
Монгол Улсад гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг зөвхөн Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан олгож байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.
Тодруулбал, тухайн гадаад иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын оршин суух зөвшөөрөл шинээр авах, сунгах, хэлбэр, төрөл, уригч өөрчлөх, үнэмлэх дахин авах хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих юм байна. Үүний дараа Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвд очиж гадаадын иргэний оршин суух үнэмлэхээ авах боломжтой аж.
Оршин суух үнэмлэх авахаар ирэхдээ
Гадаадын иргэн өөрийн биеэр очих тохиолдолд хүчин төгөлдөр бичиг баримтыг эх хувиар үзүүлж, хуулбарыг нь хураалгана.
Аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдийн хувьд гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэгдсэн ажилтан нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтыг авчрах бөгөөд оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт, итгэмжлэл байгаа бол итгэмжлэлийг хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хуулбарын хамт авчирч тус тус хураалгана.
гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлжээ.