Төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. УИХ-аас 2022 оны 4-р сарын 29-ний өдөр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, бүх шатны төсвийн захирагчид, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд хэмнэж болох зардал, орон тоо, цалингийн санг бууруулсан. Мөн автомашины хэрэглээг хязгаарлах, төсвийн байгууллагуудад дүрэмт хувцас худалдаж авахгүй байх, албан томилолтоор онгоцоор явах бол зөвхөн энгийн ангиллаар зорчих болон төсвийн хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл бэлдэхгүй байх, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах, цахилгаан, дулаан, эрчим хүчний хэрэглээг хэмнэх зэрэг төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хэмнэх боломжтой зардлуудыг бууруулсны үр дүнд улсын төсөвт хэмнэлт гарган эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлсөн гэж дүгнэлээ.
Харин одоо орон нутаг дахь төсвийн байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлж, хуулиар хүлээсэн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль батлагдсанаар байгаль, цагийн уурын өөрчлөлт, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед орон нутаг дахь төсвийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ. Хуурай боомтын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан боловсруулж дуусгахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгалаа. Мөн боомт байгуулахад хөрөнгө оруулах, хамтран ашиглах чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй хэлэлцээ хийхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгав.
Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа. Төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгав.
Манай улсад 2023 оны 12-р сарын байдлаар 1061 цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Цахилгаан автомашины тоог 2030 онд 30,000-д хүргэж хэрэглээг нэмэгдүүлсэн тохиолдолд одоо байгаа ердийн, дунд, өндөр хүчин чадалтай 70 цэнэглэгчийн тоог 15 дахин нэмэгдүүлж, 1000-аас доошгүй хэмжээнд хүргэх шаардлагатай. Иймээс Улаанбаатар хотын 25 байршилд цахилгаан автомашин цэнэглэх станц барихаар төлөвлөж байна.
Товч мэдээ
- Орон нутгийн зарим нислэгийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс