Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 3 өдөр үргэлжилнэ.
Улсын Их Хурлын 2023 оны зургаадугаар сарын 30-ны 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэлсэн.
Өнөөдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж байна. Хянан шалгах түр хороо энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн www.emiinsonsgol.mn, www.parliament.mn цахим хуудас болон шууд утсаар иргэд, олон нийтээс эмийн үнэ, чанар, хүртээмжийн талаар мэдээлэл авчээ. Үүний хүрээнд иргэдээс эдгээр асуудлаар болон төрийн хүнд суртлын талаар олон баримт, мэдээлэл цугласан нь нийт 1164 албан тушаалтанд хамаарах 6200 нотлох баримт, 153 мянган цаасан баримт, 85 мянган файл болжээ.