“Байгалиа хамгаалъя” арга хэмжээ долоо дахь жилдээ болно.
Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Байгалиа хамгаалъя” уриатай нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлжээ. Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өрнүүлдэг эл үйл ажиллагаагаа долоо дахь жилдээ болж буй юм байна.
Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1,5 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулж байдаг. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд иргэд, аж ахуй нэгжийг татан оролцуулж, байгаль хамгаалах ажилд үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг эхлүүлж буй аж.