Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Монгол орны нийт нутаг дэвсгэрт бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар 70 орчим хувьд цухуйгаагүй байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлжээ.
Тодруулбал, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байна. Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд байгаа бол Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байгаа аж.
Дөрөвдүгээр сарын эхний арав хоногт агаарын хэм нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1,1-7,5 хэмээр дулаан. Хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага оржээ. Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад 8-10 см, Ховдын Мөст, Увсын Сагил, Түргэн, Баянхонгорын Шинэжинстэд 3-4 см зузаан цастай байна.