Улсын хэмжээнд 6.5 сая мал хорогджээ
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү хаваржилтын нөхцөл байдал болон ой хээрийн түймрийн талаар өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр “Нийт нутаг дэвсгэрийн 90 хувь нь цасгүй болсон ч хаваржилтын нөхцөл байдал хүнд хэвээр байна. Малын хорогдлын тоо буурсангүй. Өчигдрийн байдлаар гэхэд улсын хэмжээнд 6.5 сая мал хорогдсон. Харин Баян-өлгий, Ховд аймгийн баруун хэсэг, Завхан, Хөвсгөлийн хойд хэсэг, Увс аймгаар цасан бүрхүүлтэй байна. Улсын болон аймаг, сумдын онцгой комисс мөн холбогдох албан тушаалтнууд малын сэг зэмийг устгах ажлыг тогтмол хийж байна” гэв
Гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн ангиуд хаваржилт хүнд буй өрхүүдэд хоол хүнс, тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлж байна. Мөн он гарснаас хойш ой хээрийн түймрийн 25 дуудлага мэдээлэл ирсэн. Хаврын хуурайшилтын үе эхэлсэн энэ үед иргэд аж ахуйн нэгж онцгой байдлын байгууллагаас гаргасан зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж болгоомжтой байхыг анхааруулж байна.
Өнөөдрөөс эхлэн цаг агаарын төлөв байдал эрс өөрчлөгдөх бөгөөд 12-13-нд шилжих шөнө Увсын зүүн тал, Завхан, Говь-алтайн хойд хэсгээр 13-нд Архангайн нутаг, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурах юм байна. Иймд цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлэн, сэрэмжтэй байхыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсээс анхаарууллаа.