04 сарын 11, 2024
Баянхонгорынхны хүсэлтээр сонгуулийн тухай сургалт хийв
Баянхонгорынхны хүсэлтээр сонгуулийн тухай сургалт хийв

Баянхонгор аймагт сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах талаар сургалт, мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын хүсэлтээр тус аймгийн сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарт өнөөдөр мэдээлэл, сургалт хийлээ.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлын явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран товч мэдээлэл өгөөд, байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагыг удирдах ажлаа хариуцлагатай гүйцэтгэхийг хүсэв.

dsc01231-2048x1152 

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан сурталчилгааны зурагт самбар, бэхэн тэмдэглэгээ, хяналтын тооллого зэрэг онцлох зохицуулалтын талаар мэдээлж, сонгуулийн хороодод ажиллах төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх, санал авах байр бэлтгэх чиглэлээр зааварчилгаа өгөв.

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа болон www.e-election.mn цахим системд бүртгүүлж, сургалтад хамрагдан гэрчилгээ авсан албан хаагчдыг хүсэлтийг шийдвэрлэх талаар Мэдээллийн технологийн төвийн ахлах референт Б.Ууганцэцэг мэдээлэл хийлээ.

Аймаг, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулахад тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх талаар асууж, мэдээлэл солилцсон юм.