Нэрийн жагсаалтыг яагаад шалгах ёстой вэ?
Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлддэг. Сонгуулийн үеэр “Манай хаяг дээр танихгүй хүн байна”, “Миний мэдээлэл огт алга” гэх яриа гардаг. Тиймээс мэдээллийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнийг бүртгэх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж цахим хуудсандаа байршуулсан.
Иргэн та сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээллээ шалгаж, зөрүүтэй байвал шийдвэрлүүлээрэй. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэж заасан байдаг.
Хэрхэн шалгах вэ?
- Та election.burtgel.gov.mn цахим санд регистрийн дугаар эсхүл иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа нийслэл /аймаг/, дүүрэг /сум/, хороо /баг/-ийг сонгож, “шалгах” товчийг дарна.
Юу мэдэх вэ?
- “Шалгах” товчийг дарснаар таны эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, нас, хүйс, хаяг, үндсэн хаяг дээрээ байгаа эсэх зэрэг мэдээлэл гарна. Түүнчлэн сонгуулийн тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байр, тухайн хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо гарна. Өөрөөр хэлбэл, мэдээллээ шалгахаас гадна хаана очиж саналаа өгөхөө мэдэж авна гэсэн үг.
- Сонгогчийг харах сонголтыг идэвхжүүлснээр танай хаяг дээр бүртгэлтэй сонгогчдын нэр гарна.
- Таны мэдээлэл зөв бол “мэдээлэл зөв” сонголтыг хийнэ.
Мэдээлэл зөрүүтэй бол яах вэ?
- Хэрвээ таны мэдээлэл зөрүүтэй бол тухайн зөрүүтэй мэдээллийн арын сумыг дарж идэвхжүүлнэ. Тухайлбал, хаяг зөрүүтэй бол “дэлгэрэнгүй хаяг” мэдээлэл, танай хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо зөрүүтэй бол “хаягт бүртгэлтэй сонгогчийн тоо” гэсэн мэдээллийн арыг идэвхжүүлнэ гэсэн үг. Ингэснээр “мэдээлэл зөрүүтэй” хэсэг улаан болж, дарахад идэвхжинэ.
- “Мэдээлэл зөрүүтэй” хэсэг дээр дарснаар утасны дугаар, и-мэйл хаяг, нэмэлт тайлбар бичих цонх гарч ирнэ. Эдгээр цонхон дээр мэдээллээ бичиж, “илгээх” сонголт хийнэ.
“Илгээх” сонголт хийснээр “таны зөрүүтэй мэдээллийг шалгуулахаар … дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүллээ. Баярлалаа” гэсэн мэдээлэл гарна. Таны мэдээллийг бүртгэлийн байгууллага шалгаж, холбогдох хариуг өгөх болно. Мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулж болох аж.