Эрдэм шинжилгээний хуралд төв, орон нутгийн 200 гаруй оролцогч 59 судалгааны илтгэл хэлэлцүүлжээ.
Монголын багш, удирдах ажилтны эрдэм шинжилгээний хурал өнгөрөгч долоо хоногт нийслэлд болсон. 57 дахь жилдээ болж буй “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын мeнeжмeнтийг хөгжүүлэх нь" сэдэвт эрдэм шинжилгээний хуралд төв, орон нутгийн 200 гаруй оролцогч 59 судалгааны илтгэл хэлэлцүүлсэн байна.
Шилдэг илтгэлийг шалгаруулахдаа ЕБС болон СӨБ-ыг тусад нь үнэлж тэргүүн нэг, дэд гурав, гутгаар байр гурав, тусгай байр гурвыг шалгаруулж батламж, мөнгөн шагнал гардуулжээ.
Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын менежментийг хөгжүүлсэн
ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн Орхон аймгийн IV сургуулийн багш нар
ЕБС-ийн тэргүүн байрын илтгэл хэлэлцүүлсэн Орхон аймгийн IV сургуулийн багш П.Хишигжаргал: Бид “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагад тулгуурласан менежмент” сэдвээр илгэлээ хэлэлцүүллээ. Сургуулийн менежментэд “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг нэвтрүүлэх үйл явцыг үнэлэх өөрийн үнэлгээгээр 2019 онд тодорхойлох буюу хөгжлийн II түвшинд байсан. 2022 оны давтан үнэлгээгээр хянагдах түвшинд үнэлэгдсэн.
Сургуулийн менежементэд сургууль бүхлээр ажиллах арга хандлагыг нэвтрүүлнэ гэдэг нь сургуулийн асуудлыг шийдвэрлэхэд суралцагч, багш, ажилтнууд, эцэг эх, олон нийтийн оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэсэн үг. Иймээс Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага нь сургуулийн менежментийг дэмжиж буй нэг хэлбэр. Үүний үр дүнд 2023 онд гүйцэтгэлийн ерөнхий үнэлгээ 79.8 хувь буюу өмнөх оныхоос 3.22 хувиар ахисан. Удирдлагын манлайлал засаглал, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт бүгд ахисан нь бидний ажлын үр дүн байлаа. Бид энэ сайн туршлагаа улам сайжруулж, түгээн дэлгэрүүлэхийн чөлөө хичээж ажиллах урмыг авлаа.
Байгууллагын соёлыг үнэлэх гол зургаан хэмжүүрийг тодорхойлсон
ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн Ховд аймгийн 15 дугаар цэцэрлэгийн багш нар
СӨБ-ын тэргүүн байрын илтгэл хэлэлцүүлсэн Ховд аймгийн 15-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхцоож: Бид үндэсний эрдэм шинжилгээний хуралд анх удаагаа оролцохдоо “Хамтын оролцоонд тулгуурлан байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь” сэдэвт илтгэлээ хэлэлцүүллээ.
Байгууллагын соёлыг дөрвөн ангиллаар үнэлэх гол зургаан хэмжүүрийг тодорхойлсон. Мөн хамт олныхоо дунд Фокус бүлгийн ярилцлага хийх, DISC оношилгооны аргаар үнэлэх гэх мэт олон туршилтуудыг явуулсны дүнд хувь хүн болон хамт олны зөв зохион байгуулалт, арга хандлагаар дамжуулан байгууллагын соёлыг зөв төлөвшүүлж ирсэн. Энэ үр дүнгээ хуваалцсан илтгэл маань мэргэжил нэгт байгууллага хамт олон СӨБ-ын байгууллагын багш нарт сайн туршлага болно гэдэгт итгэлтэй байна.
Багшийн хамтын ажиллагааны зохион байгуулалтыг өөрчилсөн нь үр дүнд хүрсэн
ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн багш нар
ЕБС-ийн гутгаар байрын илтгэл хэлэлцүүлсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Нарантуяа: Бид бүтэн жилийн турш сонгосон сэдвийнхээ хүрээнд судалгаа хийж, сургууль хамт олноороо туршиж, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд хүн нэг бүрийн оролцоо чухлыг таниулах ажилд анхаарч ирсэн. Энэ маань ч үр дүнгээ өгч байгаа.
Бидний судалгааны гол үр дүн, шинэлэг тал нь сургуулийн менежментийг сайжруулахад багшийн хамтын ажиллагааны зохион байгуулалтыг өөрчилж, Заах аргын нэгдлээс заах аргын секц буюу олонхоос цөөнхийн хэлбэрт шилжсэнээр багш бүрийн манлайлал, хамтран ажиллах чадвар илүү тод харагдаж, бусдад нөлөөлөл нөлөөлөл нэмэгдсэн.
Япон улсын туршлагыг үйл ажиллагаандээ нэвтрүүлсэн
ЭШХ-д илтгэл хэлэлцүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгийн багш нар
СӨБ-ын дэд байрын илтгэл хэлэлцүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын хүүхдийн цэцэрлэгийн бүлгийн багш М.Батнавч: Үйл ажиллагааны төлөвлөлтийг шинэчилсэн туршилт судалгааны явц, үр дүн сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн. СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааны нийтлэг төлөвлөлт нь ихэвчлэн багшлахуйд чиглэсээр ирсэн. Хүүхэд хэрхэн яаж суралцдаг болох, тэднийг судалж суралцахуйд төдийлөн анхаараагүйд бид дүн шинжилгээ хийсэн. Энэ чиглэлээрээ Япон улсад очиж туршлага судалж, түүнийгээ хамт олонтойгоо хуваалцан байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөлтийн хувилбарыг хамтдаа шинэчлэн боловсруулсан.
Япон улсын туршлагаар шинэчлэн боловсруулсан хувилбараа өөрийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай уялдуулж, хөдөө орон нутгийн онцлогт тохируулан туршиж нэвтрүүлсэн маань нэлээд ахиц авчраад байна.