Амьдралд хайртай бол усыг хайрла
Маргаашийн хүмүүс харангадах эсэхийг өнөөдрийн хүний ухамсар шийднэ
Манай дэлхийн гадаргын 71 хувь нь ус.
Насанд хүрсэн хүний биеийн 55 - 60 хувь нь ус.
Хүний тархи, зүрхний 73 хувь нь ус.
Амьтдын биеийн 70 – 76 хувь нь ус.
Хүн усгүй бол амьдарч чадахгүй.
Насанд хүрсэн эрэгтэйн биед өдөрт дунджаар 3 литр ус хэрэгтэй.
Насанд хүрсэн эмэгтэйн биед өдөрт дунджаар 2 литр ус шаардлагатай.
Нэг ширхэг даавуун футболка хийхэд 2700 литр ус зарцуулдаг. 2700 литр усыг нэг хүн 900 өдрийн турш уухад хүрэлцэнэ.
Ганц жийнсэн өмд хийх нэг кг хөвөн гаргаж авахад 10 мянган литр ус зарцуулдаг.
10 мянган литр ус нэг хүний 10 жил уух уусны хэрэгцээг хангаж чадна.
Дэлхийн гадаргын усны 97 хувь нь шорвог. Ундны усанд хэрэглэх болон тариа ургуулахад ашиглах боломжгүй.
Дэлхийн гадаргын цэвэр усны 2,5 хувь нь мөсөн гол, агаар мандал, туйлын бүрхүүлд түгжигдсэн.
Дэлхийн гадаргын бүх цэвэр усны нөөцийн зөвхөн 0,5 хувь буюу ашиглах боломжтой хэсгийг найман тэрбум гаруй хүн хэрэглэж байна.
Амьдрал усан дээр тогтдог гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй эдгээр баримт нотолно. Хүн төрөлхтөний ирээдүй усан дээр, усны ирээдүй тэдний ухаалаг байдлаас шууд хамаарна. Өөрийнхөө маргаашийг гэрэлтэй байгаасай гэж боддог бол дараах хэсэгт анхаарлаа хандуулна уу.
Амьдралд хайртай бол усыг хайрла
Асуудал: Орон сууц эсвэл төвлөрсөн системд холбогдсон байшинтай нэг өрхийн ахуйн хэрэглээний усны гуравны хоёроос илүү хувь нь ариун цэврийн өрөөнд үрэгддэг. Усанд ороход тухайн гэрийн усны хэрэглээний дунджаар 34 хувь нь зарцуулагддаг байна.
Шийдэл: Нэг хүний шүршүүрт орох хугацааг дунджаар 10 минут гэж тооцоолбол 150 литр ус зарцуулна. Харин усны урсгал багатай ч даралт сайтай шүршүүрийн толгой хэрэглэснээр нэг минут тутамд 6 литр ус хэмнэх боломжтой.
Асуудал: Гэрийнхээ цоргоноос шууд аваад уудаг устайгаа адил чанартай усаар суултуур дахь бохироо зайлуулдаг гэдгийг мартаж болохгүй. Нийт хэрэглээний усны 30 орчим хувийг ингэж ашигладаг. Нэг хүн зөвхөн гараа угаахдаа өдөрт 12 – 19 литр, нэг жилд 3,3 – 4,9 мянган литр ус хэрэглэдэг.
Шийдэл: Их, бага хэмжээгээр буюу хоёр өөр түвшинд ус гаргах боломжтой суултуур ашиглах нь анхны шийдэл. Хоёр сонголттой товчлууртай систем 4-6 литр ус хэрэглэдэг. Харин хуучны загварын нэг товчлуураар ус татдаг суултуур нэг удаа 13 литр ус урсгадаг байна.
Япон улсад түгээмэл ашигладаг саарал ус ашиглах системийн энгийн жишээ болсон дээрээ угаалтууртай суултуурыг ашиглаж болох юм. Ус хэмнэх ухаалаг үйлдлээс гадна зай талбай ашиглах төгс шийдэлтэй энэ системийг ашигласнаар нэг жилд зөвхөн гараа угаахад л зарцуулах 5000 орчим литр усыг дахин үр ашигтай ашиглаж байна гэсэн үг.
Асуудал: Ямар нэгэн эвдрэл, асуудлын улмаас суултуур ус алдаж байгаа бол өдөрт 200-400 литр, жилд 72 – 146 мянган литр ус үр ашиггүй урсана. Мөн угаалтуурын цоргоны ус дусаж байгаа бол нэг жилд 5,5 мянган литр ус дэмий үрэгдэнэ. Жижиг асуудал гэж бодож явсан хэрэглэгчийн усны төлбөр төсөөлөөгүй өндөр дүнтэй гарна.
Шийдэл: Асуудал үүссэн даруйд мэргэжлийн байгууллага, хүнд дуудлага өгч засуулах нь танд хэрэгтэй. Байгальд ч ээлтэй.
Асуудал: Шүдээ угаахдаа угаалтуурын цоргыг хаадаггүй бол нэг минутад дунджаар 6 литр ус урсана.
Шийдэл: Цоргыг ганцхан удаа нээж саванд 200 – 300 грамм ус хийж авбал хэдэн ч удаа, хичнээн минутын турш шүдээ угаасан хангалттай хүрэлцэнэ.
Асуудал: Нэг өрх усны хэрэглээнийхээ тавны нэгээс илүү буюу дунджаар 22 хувийг нь гал тогоонд ашигладаг. Гараар аяга таваг угаахдаа цоргыг хаахгүй бол нэг минутад зургаан литр ус гоожуулна. Орчин үеийн аяга таваг угаагч нэг удаагийн эргэлтдээ 14 литр ус зарцуулна.
Шийдэл: Дээр өгүүлсэн шүршүүрийн усны хэмнэлтийн адилаар угаалтуурын толгойг сольсноор усны алдагдлыг 50 хувиар бууруулах боломжтой. Хэрэв аяга таваг угаагч машин хэрэглэдэг бол “eco” эсвэл “economy” тохиргоогоор ажиллуулж эргэлт бүрээс 4 литр усыг хэмнэнэ үү. Аяга таваг угаагч авахдаа хэт том эсвэл жижиг бус өрхийнхөө хэрэглээнд тохирсон хэмжээтэйг сонгох нь бас нэгэн хэмнэлт мөн.
Асуудал: Угаалгын машин нэг удаагийн эргэлтдээ 50 литр ус зарцуулна. Олон минутаар тохируулах, цөөн хувцас олон удаа угаах, угаалгын машин усны хэрэглээ өндөртэй тусам энэ үзүүлэлт өснө.
Шийдэл: Угаах зүйлсээ нэгтгэж байгаад нэг удаа бөөн угаалга хийх нь хүртэл усаа хэмнэхэд хамаатай гэдгийг ойлгох. Нэг кг тутамд 7,5 литрээс бага ус хэрэглэдэг угаалгын машин сонгож хэрэглэх. Угаалгын машиныг аль болох бага ус хэрэглэх тохиргоогоор ажиллуулах.
Асуудал: Гал тогоонд хэрэглэдэг усны багагүй хувийг уух, хоол унд хийхэд зарцуулдаг. Шаардлагагүй үед халаасан эсвэл хөргөсөн маш их хэмжээний ус, цайг юу ч бодолгүйгээр угаалтуур руу асгадаг.
Шийдэл: Хүйтэн ус нөөцлөх сав эсвэл цорготой байж зөвхөн шаардлагатай үед хэрэглэх. Аяганд үлдсэн усыг асгахгүйгээр цэцэг, ургамал услах. Ус бас эрчим хүчийг хэмнэхийн тулд данх/ус буцалгагчийг шаардлагатай үед л дүүргэ. Хоол хийх үедээ таг ашиглах нь ууршилтаар алдагдах усны хэмжээг бууруулж, хурдан болоход тусална.
Асуудал: Угаалгын газар машин угаахдаа нэг хоолой ус ашиглахад 250 литрийг хэрэглэнэ. Харин гараар буюу сав ашиглаж угаавал 30 литр ус зарцуулна.
Шийдэл: Машин угаалгын газруудыг нийтээр нь саарал ус ашиглуулах шаардлага тавьж, хэрэгжилтийг хангах.
Асуудал: Хашааныхаа цэцэрлэгийн зүлгийг шүршигчээр услахад нэг цагт 1000 литр ус зарцуулна. Хүмүүс хэмнэлт хийж байна гэж хиймэл зүлэг сонгодог. Нэг кв.метр хиймэл зүлэг үйлдвэрлэхэд дунджаар 3744 литр ус зарцуулдаг. Энэ нь нэг кв.метр зүлэгжүүлсэн талбайг 18 жилийн турш услах устай дүйцнэ гэдэг тооцооллыг гаргажээ. Хиймэл зүлгийг услах шаардлагагүй ч угааж, арчлахад ус хэрэгтэй.
Шийдэл: Зүлэг, ногоон ургамлыг өглөө эрт эсвэл үдээс хойш буюу ууршилт хамгийн бага байгаа үед усалж усаа хэмнэхийн сацуу тэдний амьдрах чадварыг нэмэгдүүлнэ үү. Хиймэл хуванцар зүлэг усны хэмнэлттэй бөгөөд байгаль орчинд ээлтэй сонголт биш гэдгийг мэдэх нь зүйтэй.
Ус бол амьд биет оршин байхын эх үндэс. Усан дээр амьдрал тогтдог. Маргаашийн хүмүүс хатаж, харангадаж, амьдрал үгүй болох эсэхийг өнөөдрийн хүний ухамсар шийднэ.
Гэрэл зургийн эх сурвалж: pexels
Мэдээлэл уншиж, баримт цуглуулсан эх сурвалжууд: astrobiology.nasa, ccw.org, space.com, sciencedirect.com, un.org, usgs.gov, usug.ub.gov, waterwise, water.gov