Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тогтжээ.
Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон байна.
Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгажээ.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Энэ оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдсон нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байгаа юм.