Гэрэл зургийн эх сурвалж: “Gobi bear” төслийн удирдагч Харри Рейнолдсын зургийг ашиглав.
- Таны хамгийн сайн мэддэг баавгай юу вэ?
- Баавгай, зүгээр л баавгай. Хүүхэлдэйн кинонд гардаг шдээ, Машатай хамт.
- Таны хамгийн хөөрхөн гэж боддог баавгай юу вэ?
- Панда, панда шдээ. Тэр нүд, хөмсөг, царайных нь эгдүүтэйг яана гээч.
- Та мазаалай мэдэх үү?
- Мэднэ шдээ, говьд амьдардаг. Гэхдээ мэдэхгүй юм байна аа.
Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг. Мэдэхгүй учраас хамгаалж, хайрлаж, тав тухтай байлгаж, нэг үгээр хэлбэл ойлгож чадахгүй гэсэн үг. “Мазаалай” гэж чанга хашхирах нь хэдий зөв ч олон хүнд хүрч дуулдахгүй. Тиймээс юуны урьд дэлхийн дээр ганцхан Монгол Улсад, монгол дотроо олонх хүний цаг агаарын мэдээ эсвэл шүлэг, зохиолоос л сонсдог газар амьдардаг ийм нэгэн сонин баавгай байна. Мазаалай нэртэй түүнийг аварч, хамгаалж үлдэх, өсгөж үржүүлэх шаардлагатай байна гэдгийг уриа лоозонгоос өөр түвшинд нийт монгол хүмүүст, цаашлаад дэлхийд ойлгуулчихад л шийдлээ олчих асуудал.
Биологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэнээс хойш 70 орчим жилийн дараа бие даасан дэд зүйл, зөвхөн Монголд л амьдардаг гэдэг генетикийн шинжилгээгээр тогтоосон гэдэг. 2012 оны эл судалгааны үр дүн нь Мазаалай бол хүрэн эсвэл гималайн баавгайн төрөл биш бие даасан дэд зүйл юм гэдгийг тодруулж, дэлхийн баавгай судлалын шинжлэх ухааны тодорхойлолтыг үгүйсгэсэн билээ. Энэ бол Мазаалайн төлөө монголчуудын хийсэн хамгийн том бөгөөд чухал үйлдэл байсан юм.
Мазаалайн тоо толгой тогтвортой өсөж байгаа бөгөөд 52 бодгаль амьдарч байна гэдгийг 2023 оны судалгаагаар урьдчилсан байдлаар тогтоосон гэж БОАЖЯ-аас мэдээлжээ. Долоон жилийн өмнөхөөс даруй 29 тоо толгойгоор нэмэгдсэн тухай мэдээлэл авах сайхан мэдрэмж хэдий ч жил ирэх бүр хувьсаж буй уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө Мазаалайн амьдралд хэрхэн нөлөөлөх бол гэхээс халширам байна.
Хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан оршихуй Мазаалайн амьдрал ч байж мэднэ. Ер нь ийм онцгой нөхцөл үүссэн зэрлэг амьтныг хамгаалахын тулд багахан идэш өгч, хэдэн камер, мэдрэгч суулгаад болчихдог ажил биш гэдгийг шийдвэр гаргах түвшнийхэн ойлгох цаг нь болсон.
Мазаалайг үндэсний бахархалт амьтан болгоно гэсэн харагдана, салбар яамных нь мэдээлэлд. Монголын үндэсний бахархалт хэмээн зарласан шонхор шувуу хэдэн мянгаараа өндөр хүчдэлд цохиулан үхэж, хэдэн зуугаараа нүдээ боолгож, хөлөө тушуулаад онгоцоор хил давдаг гэдгийг битгий мартаарай гэж сануулъя.
Манайхныг мунгинасаар л байтал айлын “хөөрхөн” панда өссөөр, зэрлэг амьдралдаа дасан зохицож амьдарсаар зөвхөн бүс нутагтаа байгаа тоо толгой нь 2000-д дөхөж явааг гаднын мэдээллийн сувгууд онцолж бичсэн байсныг энд мөн дурдъя.
Манай говийн баавгай өсөөд өсөөд 52-уулахнаа л болж. Мазаалайнхаа төлөө хоосон үг бус бодитой үйлдэл хийцгээе гэж уншигчдадаа уриалж байна.