Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас тодрууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаад, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн.
Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 3-р сарын 22-ны өдөр бүртгэгдсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул эдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан юм.
Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллана гэж Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.