Гэрэл зургийн эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа "Дуулга" студи
Зэвсэгт хүчний 2023-2024 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль энэ сарын таванд зохион байгуулагдлаа. Энэ жил Хуурай замын командлалаас анх удаа Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангийн хээрийн гаралтыг хийж байгаагаараа онцлог аж.
Улаанбаатар хот дахь цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд нэгдсэн байдлаар Зэвсэгт хүчний ... дүгээр ангийг түшиглэн тактикийн хээрийн сургуулийг явууллаа. Харин орон нутаг дахь ангиуд сургуулийнхаа төвийн районд өгөгдсөн сэдвийн хүрээнд бие даан хээрийн сургуулийг зохион байгууллаа. Тус сургуулийн удирдагчаар Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр ажилласан бөгөөд орон нутаг дахь анги нэгтгэлүүдийн үйл ажиллагааг камерын тусламжтайгаар шууд дэлгэцээр хянаж байлаа. Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв ... дүгээр анги нь зэвсэгт хүчний анги салбаруудын хээрийн гаралт, полигоны дадлага, буудлага, тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой анги юм. Мөн НҮБ-ын дамжаа, цэргийн багуудын ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг зохион байгуулах үйлчилгээг үзүүлдэг аж.
Гэрэл зургийн эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа "Дуулга" студи
Уг хээрийн гаралт нь гурван үе шаттайгаар арав гаруй хоног үргэлжилсэн юм байна. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн эрдмээ бататгах дадлага сургалтаас гадна хээрийн байрлалд соёл хүмүүжлийн олон талт арга хэмжээнд оролцжээ. Сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 2-нд Зэвсэгт хүчний ... дугаар ангийн зенитчид шөнийн харвалт буудлагыг гүйцэтгэснийг хурандаа Ц.Буяндэлгэр онцолсон юм. Мөн дэд хурандаа Б.Гэрэлтбадрал “Буудлага амжилттай явагдсан. Хуучин цагт хээрийн гаралт багадаа 14 хүртэлх хоног үргэлжилдэг байсан бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдыг багагүй хугацаанд бэлтгэсний дараа буудуулдаг байсан. Харин одоо үед 72 цагийн дараа буудлагыг гүйцэтгэж, амжилттай зохион байгууллаа” гэв.
Хуурай замын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургууль нь мотодбуудлага, зенит, артиллерийн буудлага гэх төрлүүдээр явагдсан бөгөөд төгсгөлд нь зэвсэглэл техникийн ёслолын жагсаал зохион байгуулагдлаа.
Гэрэл зургийн эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа "Дуулга" студи
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Я.Буяндэлгэр:
-Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн бэлтгэл үүрэгтэн болоод халагдах үед цэргийн хүрээнд мэдвэл зохих мэдлэгийг энэхүү хээрийн сургуулиас олж, авч байна. Бид олон удаагийн туршилт судалгаанд үндэслэн нэг жилийн хугацаанд цэргийн албанд татагдсан залуусыг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлээд цөөнгүй жилийг үдлээ. Хөтөлбөрт багтсан үүрэг даалгаврыг дайчид маань алба хаах хугацаандаа хангалттай биелүүлж байна гэж дүгнэж байна. Өнөөдрийн хээрийн сургуулилалтаар офицер ахлагч төдийгүй хугацаат цэргийн алба хаагчид хуурай замын цэргийн үндсэн төрлийн бүх зэвсэглэлүүдийг хэрхэн ашиглах талаар бие биенээсээ харилцан туршлага солилцсон хээрийн сургууль болж байна. Тусгагдсан байг устгах, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлэхийн сацуу аюулгүй ажиллагааны дүрмийг ягштал баримталж ажилласан нь том амжилт юм” гэв.
Нэгдсэн хээрийн сургалт эхэлснээс хойш хугацаат цэргийн алба хаагчдын буудлага, жолоодлого нь мэргэн сайн байгаа аж. Анх удаа нэгдсэн байдлаар зохион байгуулсан тус сургуулилалт төрөл мэргэжлийн ангиуд нэгнээсээ суралцах сургалтын том бааз болж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог аж. Учир нь алба хаагчид тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид өөрийн ангиас өөр буудлага хараагүй, бусдынхаа гүйцэтгэдэг онцгой ажил үүргийг тэр бүр мэддэггүй бөгөөд хээрийн байрлалд гарснаар бусад анги нэгтгэлийн үйл ажиллагаатай танилцаж, зэвсэглэл техникийн ач холбогдлыг харилцан судалж байгаа аж.
Гэрэл зургийн эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа "Дуулга" студи
... дугаар ангийн дэд түрүүч М.Мөнхбаяр
Цэргийн анхан шатны мэдлэгийг онолын хүрээнд суралцсан бол өнөөдөр мэдсэн сурсан бүхнээ практик дээр хэрэгжүүлж, үзлээ. Төрөл бүрийн техник зэвсэглэлээр буудаж сурлаа. Цэргийн албанаас хариуцлага, эрүүл амьдралын хэвшлийг хамгийн эхэнд суралцсан. Үүнийг цаашид амьдралдаа хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Жишээ нь, унтах цагтаа унтаж, босох цагтаа босож хэвшиж байна. Мөн хариуцлагатай байж өөрт ногдсон үүрэг даалгаврыг чин сэтгэлээ хийх зэрэг чанарт суралцаж байна гэв.
Үйл ажиллагааны төгсгөлд болсон зэвсэг техникийн ёслолын жагсаалын үеэр Бригадын генерал Ж.Болдбаатар хугацаат цэргийн зарим алба хаагчид “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин”, “Онц буудагч“ тэмдгийг гардуулсан юм. Мөн Зэвсэгт хүчний 2023-2024 оны цэргийн сургалт бэлтгэл Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургуулилалтаар үргэлжлэх бөгөөд туслах хүчнээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн зарим анги нэгтгэл оролцох юм байна.