Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишиг "Утааны сонсгол" хийх тухай өргөдлийг санаачилжээ.
Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишиг Нийтийн өргөдөл, гомдлын систем буюу petition.parliament.mn сайтад “Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая” сэдэвт өргөдлийг санаачилжээ.
Өргөдлийн тайлбарт “Монгол Улсын Үндсэн хуулийн 16.2-т Монгол улсын иргэн “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан.
Гэвч манай улсын 2 хүн тутмын нэг нь амьдардаг, тэр дундаа тухайн хүн амын 35%-ыг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөөд олон жил боллоо. Зөвхөн нийслэл Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвүүдийн агаарын бохирдол жилээс жилд өссөөр байна.
Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна” гэжээ.
Утааны сонсгол явуулахыг дэмжиж байгаа иргэд ирэх сарын 2-ныг хүртэл https://rb.gy/kz9ggj хаягаар нэвтрэн гарын үсгээ зурж нэгдэх боломжтой юм.