“Ариус” сэтгэл заслын төвийн сэтгэл зүйч Т.Мөнгөнбаяр
Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоомоос үүдэлтэй олон асуудал нийгэмд гарах боллоо. Ихэвчлэн идэр залуус донтож байгаа нь харамсалтай. Цахим мөрийтэй тоглоомын донтолтын төгсгөл нэг бол бүх зүйлээ алдах эсвэл амиа хорлох гэх хоёр дэнс дээр тогтож байгааг олон жишээ нотолно. Тэд хурдан баян болох буюу ганцхан дэвэлтээр оргилд хүрэх юм шиг энэхүү тоглоомыг сонирхож байна. Энэ асуудлаар “Ариус” сэтгэл заслын төвийн сэтгэл зүйч Т.Мөнгөнбаяртай ярилцлаа.
-Донтолтын талаар ярьж эхэлье. Донтолт гэж юуг хэлдэг юм бэ?
-Хүний сэтгэцийг эрүүл, ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай болон сэтгэцийн эмгэгтэй гэх гурван төрөлд тодорхойлдог. Тэгэхээр сэтгэцийн эмгэгтэй хүн гэдэг нь олон улсын өвчний ангиллаар онош авсан хүнийг хэлдэг. Тус оношийн хоёрдугаар хүрээнд донтолтод хамаарах эмгэгүүд багтдаг. Архи, тамхи, мөрийтэй тоглоом, зан үйлийн гэх олон төрлийн донтолтын эмгэг бий.
-Сүүлийн үед цахим мөрийтэй тоглоомд эрчүүд донтох нь олширчээ. Энэ нь тэдний сэтгэхүйн онцлогоос хамаарч байна уу?
-Мэдээж донтолтын цаана ямар нэг шалтгаан бий. Яагаад эрчүүд архи, цахим мөрийтэй тоглоомын донтолтод гүн хамааралтай болж байна вэ гэвэл нэгдүгээрт тэдний физиологийн болон сэтгэцийн онцлог. Эрчүүд аливаа зүйлд гүн төвлөрдөг бөгөөд тухайн үедээ хувийн орон зайдаа ямар нэг хүнийг халдуулахгүй байхыг хүсдэг. Нэг үгээр аливаа асуудлыг даван туулахдаа бусадтай ярилцаж, шийдвэр гаргахаас илүүтэй өөрийн гэсэн орон зайдаа тунгааж, шийдвэрлэдэг. Харин асуудлын гарц гаргалгааг олсныхоо дараа нийгэмдээ эргээд, дасан зохицдог. Тэгэхээр донтолтын процесс хэрхэн явагддаг вэ гэвэл эрэгтэй хүн аливаа зүйлийг тунгаах явцад нь ямар нэг донтолт хавсарч орж ирдэг.
Нэгэнт энэ талаар яриа дэлгэсэн учир далд ухамсрын хоёрдогч эрх ашгийг заавал дурдах нь зүйтэй. Австрийн сэтгэл мэдрэлийн эмч Зигмунд Фройд хорьдугаар зууны эхэн үед хүний сэтгэцийг ухамсарт ухаан, ухамсаргүйн өмнөх үе, ухамсаргүй байдал гэж гурван түвшинд тодорхойлсон байдаг. Түүний тайлбарласнаар бидний ихэнх зан үйл ухамсаргүйгээр хийгддэг. Тухайлбал бид өглөө орноосоо босоод, ухамсаргүйгээр шүдээ угаадаг эсвэл ороо хураадаг гэх мэт. Түүнээс хойш сэтгэл судлаач нар судалсаар донтолт нь ухамсаргүй үйлтэй далд ухамсрын хоёрдогч эрх ашгийн тусламжтай холбогдож байгаа гэдгийг олж, нээсэн. Жишээ нь хүүхэд бага насандаа өвдөх үед эцэг, эхчүүд нь асарч, тойглодог. Энэ үйл явцаас тухайн хүүхдийн ухамсаргүй байдалд “Намайг өвдөхөөр эцэг, эх маань хамгаалах юм байна” гэх давхар эрх ашгийн шинж чанар явагдаж, өвдөлтийг бага мэдэрдэг байх нь. Үүгээр юу гэж хэлэх гээд байна гэвэл донтолт бүр нь цаагуураа хүний сэтгэл зүйн ямар нэг эрх ашгийг хангаж байдаг юм.
-Тэгвэл мөрийтэй тоглоом нь тухайн донтогчийн далд ухамсрын хоёрдогч ямар эрх ашгийг хангадаг юм бэ?
-Ерөнхийдөө цахим мөрийтэй тоглоомд донтогчдыг ажиглахад донтолтынхоо явцад ямар нэг байдлаар их хэмжээний мөнгө хожсон байдаг бөгөөд ингэж мөнгөтэй болж болох юм байна гэх ойлголт тархинд нь суусан байдаг. Жишээ нь, хүн архи уух үед эрүүл үедээ илэрхийлж чаддаггүй мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх, захын мэдрэлийн судас сулрах зэрэг эрх ашгийг хангаж байдаг Тэгэхээр цахим мөрийтэй тоглоомын тухайд санхүүгийн хувьд асуудалтай мөн байнга үүнд санаа зовдог, өөрийгөө мөнгөгүй гэх байдлаар мэдэрдэг бол цахим мөрийтэй тоглоом тоглож, хожсоноор санхүүгийн хувьд эрх чөлөөтэй, айдасгүй амьдрах юм байна гэх эрх ашгийг хангадаг.
-Мөнгө олох нь хамгийн том зорилго нь гэж боддог. Тэгвэл энэ буруу байх нь ээ?
-Тийм. Ялангуяа донтолтын дунд явцад мөнгө олох нь онцын зорилго нь биш болдог. Мэдээж эхэндээ тухайн цахим мөрийтэй тоглоомоос мөнгө олох гэсэн сэдэлтэй ордог. Гэтэл зарим үед алдана, заримдаа хожно гэж явсаар, тухайн хүн уналт, босолтынхоо мэдрэмжийг алдах болно. Ингэснээр зөвхөн хожих гэх мэдрэмж далд ухамсрын хоёрдогч эрх ашиг болж хувирна. Тухайн хүн их хэмжээний мөнгө алдсан ч ирээдүйд ялна даа гэх буруу итгэл үнэмшилтэй болдог. Ийм учраас цахим мөрийтэй тоглоомд донтогч хожигдлоо хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ялагдагч гэх байр сууринаас өөрийгөө хардаггүй. Ингэснээр ямар нэг зүйлийг бодитоор харж, үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүй болж байгаа юм.
-Зарим талаараа манай нийгэм эрэгтэй хүнээс олон шаардлагуудыг шаардаж байдаг. Жишээ нь сайн нөхөр, аав байх ёстой мөн ар гэрээ авч явах гэх мэт. Нийгмийн энэхүү шаардлагаас үүдэж эрчүүд цахим мөрийтэй тоглоомд живж байна гэж ойлгох болох уу?
-Мэдээж үүнд Монгол Улсын эдийн засгийн байдал, амьжиргааны түвшин гэх зүйлс яригдах тул социологич нар илүү тодорхой тайлбарлах байх. Миний зүгээс үүнд тухайн хувь хүний суурь хүмүүжил, сэтгэл зүйгээс шалтгаалж донтож байна гэж үзэж байна.
-Яагаад?
-Яагаад гэвэл бид нийгмийн амьтан. Нийгмийг нэгж гэр бүлүүд бүтээдэг. Тэднээс донтох нэгэн нь байхад үүнээс хамааралтай бус амьдрах гэр бүлүүд мөн бий. Сэтгэл зүйн талаас тайлбарлахад хүний үнэт зүйлс нь алдагдсан тохиолдолд мөрийтэй тоглоомд амархан донтдог. Хүүхэд багаасаа үнэт зүйлсэд суралцдаг. Нэг ёсондоо буруу, зөвийг ялгаж, ойлгодог болж өсдөг. Мөн гэр бүл хүүхдэдээ өөрсдийнхөө үнэт зүйлсийг өвлүүлдэг онцлогтой. Тухайлбал, эцэг эхчүүд хөдөлмөрч байгаарай, худлаа битгий хэлээрэй, хулгай хийж болохгүй зэрэг үнэт зүйлсийг өөрсдийн мэдэлгүй сургадаг. Иймд оновчтой зөв үнэт зүйлсэд суралцсан хүүхэд ямар нэг буруу зүйлд тэр бүр автдаггүй. Наад зах нь хэн нэг найз нь тамхи татаж байхад түүнийг дуурайж, сонирхох гээд байхгүй. Учир тэр хүүхдийн гэр бүл “Тамхи бол хортой буруу зуршил юм шүү” гэх үнэт зүйлийг хүүхэд дээ өвлүүлсэнд байгаа юм. Муугаар бодоод хэд хэдэн удаа тамхи татаж үзсэн ч донтдоггүй.
-Үнэт зүйлгүй хүн хэрхэн өөртөө үнэт зүйлийг бүтээх юм бэ?
-Ямар ч хүнд тодорхой хэмжээний үнэт зүйл гэж бий. Гагц тэр үнэт зүйл нь чин сэтгэлээс бий болсон уу? эсвэл дүр төрхөөр бий болов уу гэдгээс хамаарч байдаг. Чин сэтгэлийн улбаатай үнэт зүйл өөрийгөө юу дуртай, дургүй, хийж чадах зэргээр өөрийгөө танихаас эхэлдэг.
-Нийгмийн идэвхгүй амьдралын хэмнэлээс үүдэж цахим мөрийтэй тоглоом тоглодог уу?
- Сая хэлсэнчлэн цахим мөрийтэй тоглоом тоглогчийн хамгийн эхний зорилго бол мөнгөтэй болох. Менежментийн ухааны нэрт судлаач Абрахам Маслоугийн хэрэгцээ шатлалын зургаан онол гэж бий. Эдгээрээс аюулгүй байх болон физиологийн хэрэгцээ буюу хооллох, хувцаслах, орон гэртэй байх, унтаж амрах, гэх мэт нэн чухал хоёр үзүүлэлтийг суурь хэрэгцээ гэдэг. Тэгэхээр тухайн хүн санхүүгийн хэрэгцээний хувьд аюулгүй байж үл чадах тохиолдолд мөрийтэй тоглоом тоглох, хулгай хийх зэргээр сэдэлжиж эхэлдэг.
Цахим мөрийтэй тоглоом бол нийгмийн үнэт зүйлгүй, хараахан өөрийгөө таньж мэдээгүй, сэтгэл зүйн хувьд дорой хүмүүсийг агнадаг систем.
-Донтогч үүнээс үүдэх эрсдэлийг урьдчилж харж чаддаггүй юм уу?
-Тийм. Донтолтод гүн автсан хүн тухайн зүйлдээ тэр чигтээ эзэмдүүлдэг бөгөөд сэтгэл зүйн хувьд хамааралтай болсон байдаг. Цахим мөрийтэй тоглоомд донтсоноо хэрхэн мэдэх вэ гэвэл тухайн зүйлийг үгүйлж байна уу, үгүй юу гэдгээр таньж болно. Үгүйлнэ гэж тухайн хүн ажлаа хийж байсан ч гэр лүүгээ явсан ч тус тоглоомыг тоглоод хожих юмсан гэх мэдрэмжээрээ дутагдаж, үгүйлэхийг хэлнэ.
-Цахим мөрийтэй тоглоомд донтож байсан хүмүүсийн түүхийг сонсохоор ажлын найз эсвэл дотнын хүрээллээс хэн нэгэн санал болгосон эсвэл их хэмжээний мөнгө хожсон учраас орсон гэдэг. Энэ талаар тайлбарлаж болох уу?
-Хүнд давуу болон сул дорой байдлын мэдрэмж мөн комплекс гэж бий. Гэхдээ энэхүү мэдрэмжийг хэвийн мэдрэмж гэж үздэг. Яагаад гэвэл бид хүссэн хүсээгүй зарим хүнээс давуу байдлын мэдрэмж авдаг ч заримдаа эсрэгээр нь мэдэрдэг. Үүнийхээ хариуд тодорхой хэмжээнд дасан зохицож байдаг. Харин давуу байдлын комплекс гэдэг нь бусад хүний давуу, сул байдлыг мэдрэлгүйгээр өөрийнхөө нэг давуу байдлыг чухалчлахыг хэлж байгаа юм. Сул дорой байдлын комплекс гэдэг нь өөрийгөө бодитоор үнэлэхгүйгээр нэг сул талаа шошголохыг хэлж байгаа юм. Тэгэхээр цахим мөрийтэй тоглоом дээр мөнгө хожсон нэг хүн, нөгөө хүнээсээ давуу байдлын мэдрэмжийг өөрт үүсгэх боломжтой. Ийм учир үүнийгээ бусдад ухамсаргүйгээр сурталчлах хандлагатай байдаг. Яг үүнийг бусдад дамжуулж сурталчилж байх үед ойр дотнын хүмүүс нь мөнгө олж болох юм байна гэж сэдэлжиж байдаг. Гэтэл үүнээс үүдэж хоёулаа эдийн засаг болон сэтгэл санаагаараа хохирсны дараа би энэнтэй танилцаагүй, найзлаагүй байсан ч болоосой гэж харамсдаг.
-Их хэмжээний мөнгө алдаад ухаараад больсон гэж зарим нь ярьдаг?
-Тухайн хүн их хэмжээний мөнгө алдсаныхаа дараа шууд больж чадаж байвал тус донтолтоос илүү үнэт зүйл амьдралд байна гэсэн үг.
-Тэгвэл зарим нь амиа хорлох эсвэл гэмт хэрэгт холбогддог. Яагаад?
-Маш энгийнээр тайлбарлахад ямар нэг хэмжээгээр тухайн хүний үнэт зүйл нь алдагдсан байна гэж ойлгож болно.
-Энэ төрлийн донтолтод автсан хүний гэр бүл тэдэнтэй хэрхэн харилцах ёстой юм бэ?
-Гэр бүлийн орчинд янз бүрийн харилцаа өрнөж байдаг. Тухайн донтогч хүн нийгэмдээ хэвийнээр дасан зохицох гэж хичээх ёстой. Хамгийн наад тал нь өдөр тутмын ажлаа хэвийнээр хийж чадах хэмжээнд хүрэх хэрэгтэй. Өглөө босоод ороо хурааж, нүүр гараа угаадаг, хувцсаа цэвэрхэн өмсөх гэх мэт энгийн зүйл нийгэмдээ хэвийнээр дасан зохицож буйн илрэл болдог.
Гэр бүлийн зүгээс дасан зохицох хэрэгцээг нь хангахад туслах хэрэгтэй. Хэрэв чадахгүй, тухайн хүнийг түлхэх юм бол гэмт хэрэг үйлдэх сэдэлжилтэй болох аюултай
.
-Цахим мөрийтэй тоглоомын донтолтыг “эмгүй өвчин” гэх явган яриа бий. Гэхдээ үүнийг сэтгэл заслын аргаар эмчилж болох уу?
- Таны эргэн тойронд магадгүй та өөрөө энэ төрлийн асуудалтай тэмцэж байгаа бол хамгийн эхэнд цахим мөрийтэй тоглоомыг асуудал мөн шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрснөөр эхний эмчилгээ хийгддэг. Хэрэв чадахгүй тохиолдолд эмчлэгдэхэд бэрх. Мэргэжлийн сэтгэл засалч тухайн асуудлын мөн чанарыг тодорхойлж, яагаад та энэ асуудалд өртөх болсон гэдгийг ил болгосны дараа донтолтоос үүдсэн шинж чанарууд бус шалтгаан руу чиглэсэн эмчилгээг хийж эхэлдэг. Ер нь сэтгэл зүйн төгс эмчилгээ гэж илэрч буй шинж чанаруудыг буруулах биш донтолт бий болсон шалтгааныг эмчлэхийг хэлдэг. Хүн өөрийнхөө асуудлыг ойлгохгүй байх нь дагзаа харах гэж оролдохтой ижил юм байна л даа. Харин сэтгэл зүйч болон засалч өөрийнх нь асуудлыг толь мэт харуулж чаддаг. Сэтгэл зүйч дээр очихоос өмнө тухайн хүн олон үе шатыг туулдаг. Үүний нэг нь өөрийгөө донтогч гэдгийг хүлээн зөвшөөрөх юм шүү.
-Энэ төрлийн донтолтод өртсөн хүмүүсийн талаарх мэдээлэл цахимд орчинд болон хэвлэл мэдээллийн байгууллагаар их түгсэн харагддаг. Энэ нь үүнээс иргэдийг энэ төрлийн сэтгэцийн эмгэгээр өвчлөхөөс сэргийлэх нэг арга мөн үү?
-Манай нийгэмд энэ төрлийн хохирогчийн талаарх яриаг нийтэд цацах нь зохимжгүй. Учир нь үүнээс үүдэж хүмүүс сэдэлжиж байдаг. Нэг үгээр бол энэ төрлийн зүйл тохиолдож байсан хүний талаар уншаад “Би их хэмжээний мөнгө хожоод зогсож чадна” гэж боддог. Энэ нь мөн цахим мөрийтэй тоглоомын донтогчдын хүрээлэл нэмэгдэж буй нэг шалтгаан юм. Би танаас нэг асуулт асууя. Хүний ямар мэдрэмж хамгийн сүүлд үхдэг вэ?
-Өөртөө итгэх юм болов уу?
-Ер нь бол тийм. Нэг үгээр бол найдвар. Хүн үргэлж гүндээ ямар нэг байдлаар найдаж байдаг. Ямар ч цахим мөрийтэй тоглоомд донтогч эцсийн мөчид “Би эндээс мөнгө хожоод босчихно” гэж найддаг. Гэтэл үүгээр мөнгө хожих боломж байдаггүй. Учир нь донтолтод өртсөн хүн хэзээ ч эрүүл сэтгэхүйгээр сэтгэдэггүй.
-Мөрийтэй тоглоомоос мөнгө хожих нь хар тамхинаас илүү допаминыг ялгаруулдаг гэж уншиж байсан юм байна. Допамины талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Допамин гэдэг нь хүний дотоод шүүрлээс үүдэлтэй дааврын хариу урвалын элементүүдийг хэлнэ. Энгийнээр бол энэ нь хүнд асар их таашаалыг өгч байгаа юм. Сонирхуулахад 1990-ээд оны үед Австрали улсад казиног хүлээн зөвшөөрсөн үе байж л дээ. Тухайн улсын нэгэн казино руу буутай дээрэмчид халдах үед нэг бүсгүй тэднийг огт тоолгүй автомат тоглоомын машинаар тоглож байж. Нэг ёсондоо буутай этгээдүүд түүний амь насанд нь заналхийлж байхыг үл тоож байсан гэсэн үг. Эрдэмтэд тус эмэгтэйгээс яагаад тоглохоо зогсоогүй талаар тодруулахад “Автомат тоглоомын машин руу мөнгө хийж байгаа нь өөрийнхөө хүүхдийг хооллож байгаагаас илүү баяр баяслыг мэдрүүлж байсан” гэж хариулсан байдаг. Тэгэхээр мөнгө хожих үед асар их догдлол буюу таашаалын дааврыг мэдэрч байгаа юм. Тийм учраас тус дааврыг дахин мэдрэхийг хүссэнээс үүдэж хүн донтдог. Энэ төрлийн зүйлсэд донтох нь тухайн хүний таашаалын системийг гэмтээдэг бөгөөд амьдралын энгийн, жижиг зүйлсээс ч баяр баясал мэдрэхээ больдог.
-Цагдаагийн байгууллагаас болон хүний эрхийн олон байгууллага цахим мөрийтэй тоглоомын талаар олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тэгвэл таны хувьд танай салбар тус гэмт хэргээс сэргийлэх ямар төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлбэл үр дүнтэй санагддаг вэ?
-Миний хувьд өдөрт хэд хэдэн цахим мөрийтэй тоглоомын сайт, зар сурталчилгаатай таардаг. Энэ тал дээр хуулийн хүрээнд зохицуулалт хийх нь оновчтой санагддаг. Нөгөө талаар хүмүүс энэ төрлийн сурталчилгаанд автахгүй байх дархлааг өөртөө суулгаасай. Өнгөрсөн онд Сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг, Сэтгэц эрүүл мэдрэлийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам хамтарч “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд - 2023” аяныг өрнүүлсэн. Тус аяны хүрээнд нийт 13 видео контент бүтээсэн. Энэ мэтчилэн нийгмийн хүрээнд сэтгэл зүйч нар тогтмол нийтлэл, зөвлөгөөг олон нийтэд хүргэж байдаг. Гэвч төдийлөн нийт масст хүрэх нь дутмаг байдаг. Харамсалтай нь цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчдийн маркетингаас яагаад ч дээр гарч чадахгүй байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын ажилт хүсье.