Ховд аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, шүүхийн тамгын хэлтэстэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулжээ.
Ховд аймагт хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт сүүлийн жилүүдэд өссөн байна. Тухайлбал, 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 57 гарсан нь өмнөх оноос 39 хувиар, тэр дундаа хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон тохиолдол 60 хувиар өсжээ.
Харин хүүхэд холбогдсон гэмт хэрэг 2023 онд 32 гарсан нь өмнөх жилээс 39.1 хувиар өссөн. Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байгаа бөгөөд 98.4 хувь нь эрэгтэй хүүхэд байна. Тэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах, хүчиндэх төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол их гарчээ.
Мөн зөрчлийн шинжтэй 71 гомдол, мэдээлэлд хүүхэд холбогдон шалгагдсан нь өмнөх оноос 12.6 хувиар өссөн байна. Үүнээс 91.5 хувь нь эцэг, эхийнхээ автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байгаа аж.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго:
Ховд аймгийн прокурорын газраас хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг аймгийн хэмжээнд судалсан. Судалгаагаар ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, эцэг, эх асран хамгаалагчийн анхаарал, халамж сул зэргээс шалтгаалж хүүхэд гэмт хэргийн хохирогч болохоос гадна холбогдогч болж байгаа нь тогтоогдсон. Мөн сургуулийн орчинд, хүүхдүүдийн хүрээлэл дунд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч гарч байна.
Аймгийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, шүүхийн тамгын хэлтэстэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан. Зөвлөгөөнөөр хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэж, хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн байна. Мөн хүүхдүүдэд бие биенээ хүндэтгэж, эрх, эрх чөлөөнд нь халдахгүй байх эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрх зүйн боловсрол олгох нөлөөллийг ажлыг үе шаттай зохион байгуулахаар болжээ.