Баталгаат замаар зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.
Онцгой байдлын байгууллагад иргэдээс шаварт суусан тухай дуудлага ирэх нь нэмэгджээ. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд "Ээж” хайрханаас буцах замдаа шаварт суусан тухай дуудлага өнгөрөгч шөнө олон удаа ирсэн байна. Дуудлагын дагуу шуурхай бүлэг ажиллаж нийт хүүхэд, том хүн нийлсэн 33 зорчигч, есөн автомашиныг татан гаргажээ.
Мөн Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрт автомашины шаварт суусан тухай дуудлагаар орон нутгийн онцгой байдлын байгууллага ажиллаж хоёр автомашиныг татан гаргасан байна.
Цаашид ч энэ төрлийн дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, жолооч нарыг баталгаат замаар зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.