Улаанбаатарт амьдардаг бол уншаарай - усны тухай 12 баримт
Улаанбаатарт амьдардаг бол уншаарай - усны тухай 12 баримт

Гэрэл зургийн эх сурвалж: pexels

Улаанбаатар хотод амьдардаг уншигч танд нийслэлийн иргэдийн усны хэрэглээ, эх үүсвэр, аюулгүй байдал, үнэ төлбөр, үнэ цэн, зэргийн тухай 12 баримтыг хүргэж байна.

Улаанбаатар хотод амьдардаг уншигч танд нийслэлийн иргэдийн усны хэрэглээ, эх үүсвэр, аюулгүй байдал, үнэ төлбөр, үнэ цэн, зэргийн тухай 12 баримтыг хүргэж байна. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийнхэн өчигдөр Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү болон инженер, мэргэжилтнүүдтэй ээлжит уулзалтаа хийж энэ тухай мэдээлэл сонссон юм. 

Баримт – 1 

Улаанбаатарын иргэдэд нэг хоногт 150-170 мянган метр.куб цэвэр усыг нийлүүлдэг. Үүний 73 хувь нь орон сууцанд, гурван хувь нь гэр хороололд бусад нь байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж зэрэгт очдог. 

Баримт – 2 

Улаанбаатарт амьдардаг 1,6 сая хүн амд нэг хоногт дунджаар 160 мянган метр.куб ус өгдөг. Орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 115 литр ус хэрэглэж байна. Гэр хорооллын нэг хүн хоногт 7,52 литр ус хэрэглэдэг гэж тооцоолжээ.

Баримт – 3

Гэр хороололд нэг литр ус хоёр төгрөгийн үнэтэй байдаг. Гэхдээ тэр усыг хүргэхэд 18 төгрөгийн зардал гардаг. Алдагдал нь 16 төгрөг. Орон сууцанд нэг литр усны үнэ 71 төгрөг. Эх үүсвэрээс шууд түгээдэг учир алдагдал гардаггүй. Гэвч энэ нь усны үнэ биш зөвхөн үйлчилгээний төлбөр юм. Улаанбаатарт огт үнэгүй боловч хамгийн үнэ цэнтэй зүйл бол ус.  

Баримт – 4

Улаанбаатар хот ус хангамжийн долоон үндсэн, гурван жижиг эх үүсвэртэй. Нөөцөөр тогтоогдсон 224 гүний худаг байдгаас одоогоор 80-120-ыг нь ашигладаг. Хамгийн сүүлд 2015 онд нөөцийг шинэчлэн тогтоосон бөгөөд нэг хоногт 258 мянган метр.куб усыг хэрэглэх бүрэн бололцоотой гэдэг тооцооллыг гаргасан. 

419346220_358094149905967_3309074810574740011_n

 УСУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү, уулзалтын үеэр, 2024.04.03

Баримт – 5 

Улаанбаатарт 586 км цэвэр усны шугам сүлжээ байдаг. Тэдгээрээс өндөр насжилттай шугамуудыг доторлох ажлыг Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй төслийн хүрээнд хийж хэрэгжүүлжээ. Хүний эрүүл мэнд, усны чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүй хуванцар хоолойгоор 15,13 км шугамыг доторлоод байгаа аж. Энэ ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. 

Баримт – 6

Улаанбаатар хотын бүх ус хэрэглэгч тоолуурын заалтаар төлбөр тооцоо хийдэг. Нийтээр тоолууржихаас өмнө орон сууцанд амьдардаг нэг хүний хоногийн усны хэрэглээ 180 гаруй литр байжээ. УСУГ-аас усыг ухаалаг, зохистой хэрэглэхийг уриалсаар байна. 

Баримт – 7

Улаанбаатар хотын оршин суугчид чанарын шаардлага хангасан зөөлөн ус хэрэглэдэг. Төвлөрсөн системээс хангаж буй усны чанар аюулгүй байдал, түүнээс шалтгаалсан ямар нэгэн өвчлөл байхгүй. Олон улс болон Монгол Улсад итгэмжлэгдсэн лабораторид цэвэр, бохир усны дээжийг тогтмол шинжилж, шалгаж байдаг.  

Баримт – 8

Улаанбаатарт усны чанар, аюулгүй байдлыг хангахын тулд газрын гүнээс гаргасан усыг үйлдвэрлэлийн аргаар ариутгадаг. Өмнө нь зориулалтын шингэн цэвэр хлор хэрэглэж байсныг УСУГ-ынхан монгол оронд ургадаг хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй давс хэрэглэж ариутгадаг болжээ.

us

 Эх сурвалж: pexels

Баримт – 9

Гэр хорооллын суурьшлын бүсэд 300-500 метрийн радиуст нэг ус түгээх цэг байх зохицуулалттай. Гэвч суурьшлын бүс нэмэгдэж буйтай холбоотойгоор зарим хэсэгт усны хангалт сайнгүй. Учир нь уулын орой, өндөрлөг газарт буусан айлд ус түгээх машин хүрэх хүндрэлтэй байдаг. Мөн нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчид УСУГ-тай зөвшилцөхгүйгээр уулын орой дээр ус түгээх төв барьчихдаг тохиолдол ч бий. 

Баримт – 10

Хуулийн дагуу усны эх үүсвэр төрийн хамгаалалтад байх ёстой. Гүний худгаас 500 метр, эргүүл хамгаалалтын бүсээс 800 метрт суурьшлын бүс үүсгэж болохгүй гэдэг боловч иргэд, ААН-д газар өгсөн тохиолдлууд гардаг. Хамгаалалтын бүсэд хог хаях асуудал тасардаггүй. 

Баримт – 11

Улаанбаатар хотын хэмжээнд УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламж хоногт 180-200 мянган метр.куб бохир усыг татан зайлуулж, цэвэрлэдэг. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ноос ноолуур боловсруулах зарим үйлдвэр урьдчилан цэвэрлэх байгууламжаар дамжуулахгүйгээр шууд бохироо нийлүүлдэг. Энэ үйлдэл нь системийн ачааллыг нэмэгдүүлж бохир усыг стандартын дагуу цэвэрлэхэд асуудал үүсгэдэг. 

Баримт – 12 

Улаанбаатар хотын хөрсний онцлогоос шалтгаалан газар хөлдөх, гэсэх үед шугам сүлжээ хөдөлгөөнд орох, хагарах, цуурах зэрэг эрсдэлтэй. Тийм учраас ус сувгийн шугам дээр барилга, авто зам бариулахгүй байхыг УСУГ-аас үргэлж сануулж, анхааруулдаг. Мөн ус сувгийн шугам сүлжээг хонгилын системд оруулах шаардлага тавьдаг байна.