01 сарын 09, 2024
10-аас дээш жил ашигласан хуучин машиныг таксинд явуулахгүй
10-аас дээш жил ашигласан хуучин машиныг таксинд явуулахгүй

Өнгөрсөн оны сүүлээр баталсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулиар такси үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл авдаг болно.  Тусгай зөвшөөрлийн төлбөр 3-10 сая төгрөг байна. Хэрэв тусгай зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд иргэнийг 5,000,000 төгрөг, ААН-ийг 50,000,000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Харин такси үйлчилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл олгохдоо Автотээврийн тухай хуулийн 15.9, 15.10-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан байна гэж хуулинд тусгажээ. Тэгвэл ямар шаардлага тавихыг харцгаая.

  1. Нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;
  2. Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;
  3. Техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;
  4. Автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
  5. Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;
  6. Автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;
  7. Татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;
  8. Цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

Автотээврийн тухай хуулийн 15.9-д заасан эдгээр шалгуур, шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлтээр өөрчилж оруулсан байна. Шинэчилсэн хууль ирэх 10-р сарын 15-наас үйлчилж эхлэх юм.