Т.Төртогтох: 200 метр зам барих мөнгөөр Тэмүүлэл хиймэл дагуулыг хөөргөнө
Т.Төртогтох: 200 метр зам барих мөнгөөр Тэмүүлэл хиймэл дагуулыг хөөргөнө

МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Т.Төртогтох

- Тэмүүлэл хиймэл дагуулын техник, программ хангамж нь бэлэн болсон. Одоо хөөргөх л дутуу байна. -

Япон улсад Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г амжилттай бүтээж, 2017 онд SpaceX-ийн хөлгөөр агаар мандалд хөөргөсөн МУИС-ийн багш, залуу судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар тэр цагаас эхлэн эх орондоо сансрын технологийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тэдний МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторид “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуулын төслөө хэрэгжүүлж, сансрын технологийн туршилт, судалгаа, сургалтын үйл ажиллагааг тууштай явуулсны үр дүн гарч эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 5-нд “Ондо Спэйс” ХХК-ийн зохион бүтээж хөөргөсөн монголын анхны арилжааны Owl-1, Owl-2 нэртэй хоёр хиймэл дагуулыг хийхэд Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин нар чухал үүрэгтэй оролцжээ.

Тэгвэл тэдний хэрэгжүүлж буй, 2023 онд хөөргөхөөр төлөвлөсөн ч хойшилсон “Тэмүүлэл” үндэсний хиймэл дагуулын төслийн явц болон “Ондо Спэйс”-ийн хиймэл дагуулын ялгаа, сансрын технологиор шинэ санаа, инновац шийдлийг хэрхэн нэвтрүүлэх, ирээдүйд яаж ашиг хүртэх боломжтой талаар МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Т.Төртогтохтой ярилцлаа. 

- Саяхан “Ондо Спэйс”-ийн хиймэл дагуулыг хөөргөхөд тантай хамт Мазаалай хиймэл дагуулын төсөл дээр ажилласан хоёр судлаач чухал үүрэгтэй оролцлоо. Миний хувьд та бүхний Мазаалай төслөөс хуримтлуулсан туршлага болон энд ирээд хийж хэрэгжүүлсэн туршилт, судалгааны ажлын үр дүн Ондо-гийн төсөлд шууд нөлөөлөв үү гэж харсан. Та ямар бодолтой байна вэ?

- Би ч гэсэн тэгж л бодож байна. Мазаалай төсөл 2015 онд эхэлж, бид гурав Японд суралцах үедээ өөрсдийн сурч мэдсэн зүйл болон Кюүшүгийн Технологийн Институт (KТИ)-ийн багаж, тоног төхөөрөмжийг ашиглаад хиймэл дагуулаа бүтээсэн. Суралцах хугацаандаа өөр Японы болон олон улсын HORYU-4, SPATIUM, BIRDS-3 зэрэг хиймэл дагуулын төслүүд дээр ч ажилласан. Мазаалай хиймэл дагуул 2017 онд сансарт хөөрсний дараа хоёр жил ажиллаад агаар мандалд унаснаар даалгавар нь дууссан гэсэн үг. Харин бид Монгол Улсад сансрын технологи хөгжүүлэх зорилготой буцаж ирээд МУИС-ийн лаборатори дээр суурилж, оюутан залуустайгаа хамтдаа “Тэмүүлэл” хиймэл дагуулын төслөө эхлүүлсэн юм. Төсөл нь оюутан залуусыг дотооддоо сургаж, сансрын технологийг монголдоо цэцэглүүлэх үндсэн зорилготой. Ингээд нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лабораторид янз бүрийн мэргэжлийн оюутан элсүүлээд өөрсдийнхөө сурсан мэдсэнийг заасан. Оюутнууд сургуулийн хөтөлбөрийн дагуу явбал сансрын технологийн тухай бүгдийг нь үзэж амжихгүй. Тэгэхээр лаборатори гэдэг өөр соёлоор судалгааны ажил хийлгэх байдлаар өөрсдөд нь сэдэв өгөөд хиймэл дагуулын дэд системүүдийг хөгжүүлэх хэлбэрээр сургаж эхэлсэн. Ингэж сургалт судалгаа явуулах явцдаа, оюутнуудтайгаа хамтран “Тэмүүлэл” хиймэл дагуулыг хөгжүүлж дууссан. Гэхдээ хиймэл дагуул маань одоог хүртэл хөөрөөгүй, хийж эхэлснээс хойш таван жил боллоо. Бид санхүүгийн асуудлаа олигтой шийдэж чадахгүй байна. Их сургуулийн багш нар, техник технологийн талын хүмүүс учраас яг мөнгө төгрөг босгох талдаа бага суралцсан. Энэ бол бидний дутагдал. Ямар ч гэсэн бид Шинжлэх ухаан технологийн сан болон өөр бусад төсөл оруулаад Тэмүүлэл хиймэл дагуулынхаа техник, программ хангамжийг бэлэн болгочихсон. Ерөнхийдөө инженерийн загвар ширээн дээр бэлэн, задлаад тавьчихсан байна. Харин одоо хөөргөхөд 60-70 мянган доллар хэрэгтэй.

16835938_1140069019438730_7143739049186529338_o Япон улсад Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г амжилттай бүтээсэн МУИС-ийн багш, залуу судлаач  Т.Төртогтох, Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин нар. 2017 он.

Ондо-гийн хиймэл дагуулын тухайд бол би яг дотор нь ажилладаг хүн биш ч бидний зорьж яваа зүйлийн үргэлжлэл, үр дүн харагдаж байна. Яаж харагдаж байна вэ гэхээр Мазаалайг хөөргөснөөр нийгэмд сансрын технологи гэж ямар юм байдаг вэ гэдгийг илүү сайн таниулж өгсөн. Ер нь дэлхий дахин сансарт технологи туршиж, хиймэл дагуулаар бизнес хийж болдог юм аа гэдгийг батлан харуулж байна. Үүнийг монгол компани маш хурдтай хүлээж аваад, мэдрээд, өөрсдөө тоглогч болж оролцож байгаа нь маш чухал. Үүнд бидний нөлөө бага ч гэсэн байсан болов уу гэж найдаж байна. Хоёрдугаарт, Мазаалайг хийж байсан гурван залуу инженерийн хоёр нь Ондо хиймэл дагуулын багийн гишүүд. Тэгэхээр Мазаалай дээр сурсан мэдлэг, туршлага энд хэрэглэгдэж байна. Гуравдугаарт, биднийг төгсөж ирсний дараа манай лабораторид хиймэл дагуулын чиглэлээр судалгаа хийгээд, хамт суралцаад Тэмүүлэл төсөл дээр ажиллаж байсан залуус төгсөөд “Ондо Спэйс” компанид ажилд орсон. Тэд Ондо хиймэл дагуулыг бүтээх үйл явцад гар бие оролцоод одоо багш нараасаа илүү шахуу туршлагатай болчихсон, сансраас дата мэдээллээ авчихсан сууж байна. Тэдний хийж бүтээсэн амжилтыг нь өөртөө наах гээд байгаадаа биш. Бид аль нэг газар нь шантраад үүнийг хаявал хаях л байсан. Харин тасралтгүй, уйгагүй, хөөцөлдөөд явсны үр дүнд тодорхой амжилтууд гарч байна. Бидний хувьд биш Монгол Улсын сансрын технологийн хувьд амжилт гарлаа. Үүнд маш их баяртай байна. Одоо ахиад хувийн компаниуд нэмэгдээсэй. Дээр нь төр, Шинжлэх ухааны академи, сургууль эрдэм шинжилгээний байгууллагууд нь сансрын технологийг системтэйгээр цааш нь хөгжүүлэхэд илүү анхаараасай гэж бодож байна.  

- Би эхэндээ “Ондо Спэйс”-ийн хиймэл дагуулын төсөлд Д.Эрдэнэбаатар, Д.Амартүвшин нарыг оролцсон болохоор МУИС-ийн лабораторид хийсэн юм болов уу гэж бодсон. Үгүй юм байна. Тийм үү?

- Тийм. Ондо Спэйс бол хувийн компани. Манай лабораторийн багш нар, гишүүд оролцсон болохоор энд хийсэн хиймэл дагуул байх гэж буруу ойлгоод байж магадгүй. Монголд хийсэн үү гэвэл хийсэн. “Ондо Спэйс”-ийнхээ өөрсдийн лабораторид хийсэн гэсэн үг. Манайх бол МУИС-ийн лаборатори. Гэхдээ мэдээж туслалцах юм байлгүй яахав.  

- Танай хэрэгжүүлж байгаа Тэмүүлэл хиймэл дагуул, Ондо-гийн хиймэл дагуул хоёр ямар ялгаатай юм бэ. Техникийн хувьд ижилхэн гэж ойлгож болох уу. Эсвэл огт өөр үү?

- Техник талаасаа бол би Ондо-гийн хиймэл дагуулын нарийн ширийнийг мэдэхгүй. Ондо-гийнхон өөрсдөө илүү хэлэх байх. Кубсат ангиллын хиймэл дагуулуудын хувьд хэмжээ, хүчин чадал, батарейны багтаамж, микро процессор гээд бүх юм нь зах зээл дээр маш олон сонголттой учраас адилхан эсэхийг нь мэдэх боломжгүй. Харин олон нийтэд зарласан мэдээллээс нь харахад нэг зүйлийг тодорхой хэлж чадна. Ондо-гийн Owl-1, Owl-2 хиймэл дагуул нь харилцаа холбооны зориулалттай. Өөрөөр хэлбэл, өөр газраас богино хэмжээний дохио, мэдээлэл, мессэжийг дамжуулна гэсэн үг. Харин Тэмүүллийн хувьд үндсэн даалгавар нь сансраас дэлхийн зураг дарах, эх орноо дээрээс нь ажиглах, тандан судлах зориулалттай. Сансрын тандан судлах салбарын технологийг турших даалгавартай гэж ойлгож болно.

- Монголчууд нэгэн үе хиймэл дагуул хөөргөнө гэхээр гайхдаг, шоолдог байсан. Одоо бол боломжтой гэдгийг бодитоор  харж байна. Гэхдээ хувийн компани хиймэл дагуул хөөргөөд яаж ашиг олох тухай эсвэл сансрын технологийн ашиг тусыг сайн мэдэхгүй байж магадгүй. Бизнес талаас нь харвал энэ салбараас яаж ашиг хүртэх боломжтой юм бэ? 

- Сүүлийн үед хувийн компаниуд сансрын салбарт ороод байгаа үндсэн шалтгаан нь хиймэл дагуулын зардал их багассан. Зардал багатай болохоор найдвартай хийхийн тулд маш олон туршина, нэг системийг хоёр гурваар нь зэрэг авч явна, нэг нь ажиллахаа больчихвол нөгөө нь ажиллана гэдэг ч юм уу ийм боломжийг олгож байна. Хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн шинэ сансар гэж нэрлээд байгаа энэ жижиг хиймэл дагуулын системийн онцлог нь эрсдэлийг хүлээж авъя, тодорхой эрсдэлийг үүрье гэдэг ийм зарчим дээр явж байна. Өөрөөр хэлбэл, нэг жижигхэн юмыг хөөргөөд бүтэлгүйтвэл дахиад дараагийнхыг нь хөөргөөд туршаад явах нь нэг том хиймэл дагуулыг удаан хугацаанд олон хүн ажиллуулж хийснээс хамаагүй хямдхан тусаад байгаа юм. Зардал ингэж буурсан учраас сансарт маш олон шинэ санаа, технологийг шинээр турших боломж гарч ирсэн. 

Сансрын технологийг ашиглаад толгойд багтмааргүй сонин сонин, шинэ санаатай компаниуд шинээр гарч ирээд байна. Гол нь түүнийг яаж хэрэглээ болгож, мөнгө олох вэ гэдэг бизнес санаа давхар явдаг. Сүүлийн үед харилцаа холбоо болон зайнаас тандан судлах гэсэн хоёр чиглэлийн бизнес сайн хөгжиж байна. Жишээлбэл, нэг хиймэл дагуулаар Улаанбаатар хотын зургийг өдөрт таван удаа л авах боломжтой. Тэгвэл 20, 30 хиймэл дагуултай болсноор магадгүй цаг тутам зураг авах боломжийг бий болгоно. Тэгэхээр сансраас ямар нэг зүйлийг цаг тутам хянъя, монитор хийе гэсэн хэрэглэгчийн шаардлагад нийцэж байгаа юм.

Энэ бол нэг тал нь. Гэтэл нөгөө талд сансрын хог хаягдал гээд асуудал байна. Бидэнд сонин биш, огт хамаагүй юм шиг мөртлөө сансрын технологитой улс орнуудын хувьд асуудал болчихсон. Ганц пуужин хөөргөсөн чинь тэр нь сансрын хогонд оногдчихвол хэдэн тэрбум долларын үнэтэй төхөөрөмжөө эвдчихнэ. Гэтэл Японд сансрын хогийг тэндээс нь барьж аваад агаар мандал руу оруулж шатаадаг ийм зорилготой компани байна. Бизнес гэхэд хэцүү ч нэг хиймэл дагуулаар нэг сансрын хогийг унагаана. Ирээдүйд сансрын технологид учрах эрсдэлийг тэр хэрээр бууруулж байна гэсэн үг. Тэр компани аль хэдийн 20 сая доллар босгоод яг энэ хиймэл дагуулуудаа хөөргөөд явж байна. Бас сансрын уул уурхайн компаниуд шинээр гарч ирсэн. Солир дээрээс дээж авч, 3D принтер ашиглаад ямар нэгэн шинэ зүйлийг тэнд нь бүтээх буюу сарны хөрс шороог ашиглаад байгууламж барих, тэндээс нь пуужингийн түлш гаргаж авах гэдэг ч юм уу сонин сонин, шинэ санаатай компани нэмэгдсээр байна. Шинэ санаа, технологийн хувьд юугаар ч хязгаарлагдахгүй, ямар ч хязгаарлалтгүй гэж хэлж болно.

- Тэгвэл “Ондо Спэйс” компанийн хөөргөсөн харилцаа холбооны хиймэл дагуулууд ямар боломжийг нээж болох вэ?

- Харилцаа холбооны хамгийн том өрсөлдөөн бол интернетийн үйлчилгээ. Интернетийг хиймэл дагуулаар дамжуулаад өгчихөөр газрын шилэн кабелийн хэрэгцээ багасчихаж байгаа юм. Дэлхийд Space X-тэй төстэй ийм 100 гаруй компани бий. Өөрөөр хэлбэл, харилцаа холбоог нам орбитын хиймэл дагуулаар шийднэ гэсэн үг. Хятад улс л гэхэд 20, 30 мянган хиймэл дагуултай Старлинк шиг сүлжээг бий болгох гэж байна. Тэгэхээр хүмүүс хоорондын харилцааг маш том өртөгтэйгөөр бүтээдэг ийм том дэд бүтэц бий болчихоод байгаа юм. Дэлхийн найман тэрбум хүн ойрын хугацаанд 20, 30 тэрбум болох боломжгүй ч төхөөрөмж хоорондоо харилцах харилцаа маш ихээр нэмэгдэнэ. Цаг, утас, чихэвч, машины тоног төхөөрөмжүүд гэх мэтчилэн хэрэглээ маш ихээр нэмэгдэх нь тодорхой. Ондо шиг ийм компани яг тухайн хэрэгцээ шаардлагад нь нийцсэн үйлчилгээ үзүүлээд явах боломжтой.

Японд модоор хиймэл дагуул хийж хөөргөсөн

- Техник, технологийн хувьд сансрын хүнд, хатуу нөхцөлд батлагдсан бол дэлхий дээрхээс 1000 дахин илүү үнэ цэнтэй гэдэг. Бизнес талаас нь бас нэг боломж гэж харж болох уу?

- Бид нэг хиймэл дагуул хөөргөлөө гэж бодъё. Гэтэл ажиллахгүй байх магадлалтай. Харин тийм нөхцөлд өмнө нь ажиллачихсан төхөөрөмж дахиад яг ажиллаж таарна. Энэ бол шинжлэх ухаан. Тэр утгаараа сансарт ажиллаад туршигдсан электроник хавтангийн чип, санах ой зэрэг нь үнэ цэнийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн түүнийг шинээр хийгээд сансарт туршихад зардал гарна. Гэтэл монголд аль хэдийн туршигдсан гэдэг утгаараа үнэ цэн өгдөг байхгүй юу. Одоо электроник хавтангийн сансарт батлагдаагүй элементүүдийг нь худалдаж аваад угсрахад 100 доллар болно гэж тооцъё. Харин сансрын ямар нэгэн хиймэл дагуулын хавтан болоод хөөрчихсөн тохиолдолд 5000 доллар болчихсон байж байгаа юм. Зүгээр л зах зээлд борлуулагдаж байгаа үнэ нь. Ингэж үнэ цэн нь нэмэгддэг учраас өөрсдийн гэсэн технологийг гаргаж авах нь давуу тал болчихсон. Яг инновац гээд яривал сансарт ажилладаг төхөөрөмжийг өөрсдөө бий болгоно гэдэг нь эргээд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн гаргах бодит жишээ болж байна. 

- Та бүхний хөөргөхөөр төлөвлөж буй Тэмүүлэл төсөл дээр л гэхэд сансрын технологийн хувьд ямар шинэ санаа, технологи нэвтрүүлэх боломжтой вэ?

- Жижигхэн хиймэл дагуул мөртлөө судалгааны хувьд мөлжүүртэй. Цахилгаан, процессор, тэнхлэг удирдах систем гээд олон зүйл бий. Жишээ нь, тэнхлэгээ юугаар удирдах вэ? Эргэвчээр удирдах уу, тийрэлтэт хөдөлгүүр байх юм уу, цахилгаан соронзон орныг ашиглах юм уу гээд л маш олон зүйл гарч ирнэ. Нарны дэлгэцээ хиймэл дагуултайгаа яаж бэхлэх вэ? гэдэг нь хүртэл судалгаа, инновац байхгүй юу. Бид Мазаалай дээр ажиллаж байхдаа нарны цахилгаан үүсгүүрээ хиймэл дагуулынхаа их биетэй резинин цавуугаар наадаг байсан. Гэтэл тэр цавуу нь хямдхан биш. Интернетээс эсвэл дэлгүүрээс авах цавуунаас өөр, хадгалах хугацаа нь хүртэл хязгаартай. Тэгвэл бид зүгээр зах зээл дээр байгаа цавуунуудыг харьцуулж судалж байгаад боломжийн цавууг нь сансарт ашиглаж болж байна уу гээд туршчихъя. Эцсийн эцэст яг ижилхэн чичиргээнд, яг ижилхэн сансрын вакум орчинд, халуун хүйтэн нөхцөлд нарны дэлгэц байрлуулахад адилхан үр дүн гаргаж л байвал ямар цавуу ашиглах нь тийм ч чухал биш. Бидэнд сансарт туршигдаагүй, газар дээр байгаа шар цавуунаас эхлээд маш олон сонголт байна. Аль нэгийг нь сансарт ажиллаж байна гэдгийг баталчихвал нөгөө үнэтэй цавууг дахиж авах шаардлагагүй болчихно шүү дээ. Үүнтэй ижилхэн судалгаанууд маш ихээр хийж байна.

turuu_jpg_ho МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэлтийн лаборатори. 

Саяхан манай хамтарч ажилладаг Кюүшүгийн Технологийн Институт (KТИ)-д модон хиймэл дагуулын нэг төсөл хэрэгжүүлсэн. Хиймэл дагуулыг яагаад заавал төмрөөр хийгээд байдаг юм бэ? Модоор хийе л дээ гээд. Тэгээд тэр нь үнэхээр болоод байвал яах вэ. Яагаад гэхээр модыг хэлбэрт оруулахахад амар, таслах, сийлэх түмэн боломжтой. Ингээд модоор хиймэл дагуул хийгээд хөөргөчихөж байгаа юм. Бас л нэг шинэ технологи, инновац. Хэрэглэгч богино хугацаанд нэг хиймэл дагуул туршмаар байна гэнгүүт нь магадгүй хоёр сарын дотор хийгээд ч юм уу хөөргөчихдөг. Тэгэхээр сансрын технологи бол инновац нэвтрүүлэх боломж маш ихтэй салбар.

- Ондо-гийн хиймэл дагуулын тухай дахиад асууя. Хиймэл дагуулаа хөөргөсний дараа сансраас дохио хүлээгээд авчихвал бидний зорилго биеллээ гэж мэдээлсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ?

- Миний ойлгож байгаагаар угаасаа эхний хиймэл дагуул бол технологио турших байдаг. Хиймэл дагуулаасаа газрын станц дээр дохио хүлээж авна гэдэг нь бүх зүйл хэвийн ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр тэр хамгийн чухал зүйл байж таарна. Би яахав Ондо-д ажиллаж байгаа инженерүүдийн өмнөөс өөрөө бодож байгаа байхгүй юу. Мэдээж эхлээд технологи нь хэвийн ажиллаж байж үйлчилгээгээ үзүүлэх болохоор энэ хиймэл дагуулууд технологио турших зорилготой байсан байх. Цаашид бүх дата мэдээллээ аваад ирэхээр маш туршлагатай болно. Цаг хугацаа явах тусам мэдээллээ хуримтлуулаад үнэ цэнээ бүтээнэ. Харин яг ямар дата аваад ямар үйлчилгээ үзүүлэх гээд байна гэдгийг нь би мэдэхгүй.

- Ондо энэ хоёр хиймэл дагуулаа их хурдан хугацаанд бүтээх шиг боллоо. Та мэргэжлийн хүний хувьд хөндлөнгөөс харж, анзаарч байсан байх?

- Техникийн хувьд бараг жилийн дотор хийсэн байх аа.

- Тэмүүлэл төсөл эхэлснээс хойш таван жил өнгөрлөө. Гэтэл өмнө нь сонсогдож байгаагүй “Ондо Спэйс” гарч ирээд хоёр хиймэл дагуул хөөргөчихлөө. Тэмүүлэл хэзээ хөөрөх вэ. Мөнгө санхүүгийн асуудлаа шийдчихвэл хөөргөхөд бэлэн гэж ойлголоо. Зөв үү?

- Тийм ээ. “Ондо Спэйс” компани хиймэл дагуулаа хурдан хугацаанд хийгээд хөөргөчихлөө. Бид Тэмүүллээ яг тийм хугацаанд хийх боломж нь бас харагдаад байгаа биз. Яахав Ондо-гийн хувьд Тэмүүллээс хоёр дахин жижиг ч хоёрыг хийсэн болохоор бүтэц, овор хэмжээний хувьд адилхан болчихно. Тэмүүлэл хиймэл дагуул хөөргөх боломж нь байгаа ч санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй ингээд л явж байна. Гэхдээ үр дүн гарч байгаа учраас хэн нэгэнд амласан амлалтаа биелүүлэх гэж байгаа юм шиг бүтсэнгүй дээ гээд харамсаад байсан юм алга. Ирэх 2025 онд хөөргөх зорилготой ажиллаж байна. Ямар үр дүн гарчихсан байна вэ гэхээр Тэмүүлэл дээр ажиллаж байсан төгсөгчид маань энэ чиглэлээр ажилд ороод эхэлчихлээ. Гадаадын их дээд сургуульд магистр, докторт суралцаад эхэлсэн. Энэ бол бидний зорилго, бас амжилт.

- Засгийн газраас сансрын технологийг дэмжинэ гээд уулзалт хэлэлцүүлэг хийдэг. Урт хугацааны бодлого хөтөлбөртөө ч тусгасан. Тэмүүлэл төслийг бүрэн хэрэгжүүлж дуусгахад төрөөс шууд дэмжлэг байхгүй юу?

- Байхгүй гээд хэлэхээр гомдох байх. Тэмүүлэл төслөөр монгол инженерүүд хиймэл дагуул хийж чадна гэдгийг харуулахыг зорьсон. Бид хиймэл дагуулаа хийсэн ч хөөргөж чадаагүй байна. Гэтэл Ондо үүнийг хийчихлээ. Өөрөөр хэлбэл хувийн компани өөрөө эрсдэлээ тээгээд хийж болно гэдгийг харуулчихлаа. Болж байна, чадаж байна, монгол инженерүүд хийж байна гээд. Үүнийг л хийе гэж бодож байсан. Тэмүүллийг хөөргөх мөнгө нь нэг км замын ч мөнгө хүрэхгүй. Нэг км замыг дунджаар нэг тэрбум төгрөгөөр барьдаг. Тэгвэл 200 метр зам барих мөнгө гэсэн үг. Дарханы зам шиг өргөн 70 метр зам барих мөнгө буюу 70 мянган доллар. Одоо бидний гацаад байгаа Тэмүүлэлийг хөөргөхөд шаардлагтай өртөг бол ердөө 0.07 км буюу 70 метр зам барихтай адил өртөг юм гэсэн санаа. Энэ салбарыг хөгжүүлье гэсэн улсын бодлого, хөтөлбөр талаас нь бодвол асуудалтай зүйл биш байх гэж хараад байгаа юм.

- Уг нь Тэмүүлэл хөөрчихвөл Монгол Улс арилжааны биш үндэсний хэмжээний нэг ч гэсэн хиймэл дагуултай болно биз дээ?

- Бор зүрхээрээ юм хөгжүүлнэ гэсэн хэдэн  хүний хичээл зүтгэлээр яваад байна. Гэтэл энэ чинь манай улсад хэрэгтэй юм уу, үгүй юм уу. Манай улс хийх ёстой юм уу, үгүй юм уу. Өөрсдөө технологио хийдэг болох юм уу, үгүй юм уу гээд харахаар нэг л шийдэж өгөхгүй байна.  

- Ярьж хэлэлцээд бодлого хөтөлбөртөө тусгадаг ч бодит байдал дээр дэмжихгүй байна гэж үү?

- Бодлого хөтөлбөртөө тусгаад бүгд л ажил хийгээд байна. Сансрыг хөгжүүлье гээд хурал хийнэ, уулзана, ярилцана. Ингэе, тэгье гээд л ярилцаад байгаа юм. Яг үнэндээ мөнгө л гарахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр хэчнээн яриад санхүүгийн асуудал шийдэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Тийм л бодитой асуудал байна. Хариуцсан яам нь байгаа ч агентлаг байхгүй. Агентлагтай болоод төсөв мөнгөтэй болоод ирвэл өөр байх л даа.

“Ондо Спэйс” хамгийн зоригтой компани

420932347_335781549369555_7308423913790998805_n Гэрэл зургийн эх сурвалж: Ondo space: FB хуудас

- Хувийн компани богино хугацаанд хиймэл дагуул хийгээд хөөргөчихлөө. Гэтэл улсын сургуулийг түшиглэсэн Тэмүүлэл төслийн бодит байдлыг сонсохоор харамсалтай санагдаж байна. Үүнийг хийх гэж олон жил зүтгэсэн хүмүүсийн хувьд харамсал, гомдол төрдөг үү?

- Бид энэ тал дээр төрдөө харамсаж, гомдоод байгаа зүйл байхгүй шүү. Яагаад гэхээр Тэмүүлэл бидний хөгжүүлэхийг зорьж буй зүйлийн нэг л алхам нь. Мэдээж үүнийгээ илүү хурдан явуулаад, сансрын технологио хөгжүүлээд явах хүсэл байгаа. Гэхдээ төслийн явцад маш олон талын ач холбогдол өгөөд үр ашгаа гаргаж байна. Тэмүүллийн судалгааны сэдвүүд, эрдэм шинжилгээний бүтээлүүд дотоод болон гадаадын бүтээлүүдэд гарчихсан. Хүний нөөц нь бэлтгэгдсэн. Харин үр дүн нь гараад  байгаа ч төслөөр бүтээсэн хиймэл дагуул маань хөөрөөгүй байна. Тийм л асуудал байгаа. 

- Хувийн компанитай хамтрах боломжтой юу. Тийм саналууд ирдэг үү?

- Бидний эхлүүлж байгаа энэ технологи сансарт туршигдаад бизнес болох ёстой. Энэ хүртэл тодорхой хугацаа орж байгаа юм. Ер нь бол ойрын хугацааны ашиг байхгүй. Гурван жилийн дараагаас ашиг өгч болно. Тэгэхээр гурван жилийн дараа ашиг авах эрсдэлийг тооцоод ордог компани цөөхөн. Бараг байхгүй шахуу.

- “Ондо Спэйс” болохоор эрсдэлээ өөрсдөө үүрээд орсон гэсэн үг үү?

- Эрсдэлээ үүрээд яг л тийм зарчмаар явна шүү дээ. Ашиг олтол тодорхой цаг хугацаа зарцуулна. Тэр бүх эрсдэлээ даагаад орж байна. Хамгийн зоригтой компани гэж хэлж болно. Гэхдээ ирээдүй бол их гоё харагдана. Төхөөрөмжийн тоо хязгаарлагдахгүй. Дээр нь Монгол Улсаар хязгаарлагдахгүй. Дэлхийн хаана ч бизнесээ хөгжүүлж болно. Ирээдүй маш гэгээтэй. Гол нь тэр хүртэл тогтвортой хөгжүүлж явна гэдэг л чухал байгаа юм. 

- Тэмүүлэл хиймэл дагуулыг 2025 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм байна. Одоо ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

- Бид Тэмүүллийг хөөргөхөд шаардлагатай 60 орчим мянган америк долларыг олох ажил дээр төвлөрч байна. Хиймэл дагуулын техник, программ хангамж нь бэлэн болсон. Одоо хөөргөхийн тулд төрийн байна уу, төрийн бус байна уу, гадаад дотоодын байна уу хамаагүй бүх боломжоо ашиглаад зардлаа босгоё гээд явж байна. Хиймэл дагуулаа 2025 онд хөөргөхийн тулд энэ онд хөөргөх гэрээгээ байгуулах ёстой. Бид ойрын зургаан сарын дотор энэ мөнгөө олох ажил үлдчихээд байгаа юм. Яг нүдэнд харагдчихсан, ингээд  босгочихно гэсэн зүйл одоогоор алга байна.

- Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.