Газар хөдлөлтийн дараах байдал, Хуалиен хот, 2024.04.03 Лхагва гараг. Эх сурвалж: TVBS сувгийн видео бичлэгээс авав.
Тайваньд өнөөдөр өглөө 07:58 цагт /Бээжингийн цагаар/ 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай олон улсын агентлагууд мэдээлсэн. Газар хөдлөлтийн улмаас Тайванийн эрэг болон Японы баруун өмнөд хэсгийн арлуудад цунами үүссэн тул түгшүүр /анхааруулга/ зарлаад байсан юм. Тэгвэл тэдгээр улс болон Филиппинд анхааруулгыг цуцалсан бөгөөд Номхон далайн цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс АНУ-д хандан “аюул өнгөрсөн” тухай мэдэгджээ гэж CNN мэдээлэв.
Цунамигаас үүдсэн ямар нэгэн хохирлын тухай мэдээлээгүй байна.
Тайваньд: Газар хөдлөлтийн голомтоос өмнө зүгт 100 км (62 миль) зайд орших Ченггонг хотод цунамигийн өндөр бараг хагас метр буюу 1.5 фут хүрчээ.
Японд: 0,3 метрийн давалгаа Окинава аралд үүссэн гэж Наха нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч Хидеаки Цуродо CNN-д мэдээлжээ. Гэхдээ ямар нэгэн саатал үүсгээгүй тул нисэх буудлыг удалгүй нээсэн байна.
Филиппинд: Тус улсын Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэнгээс газар хөдлөлтөөс хойш далайн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй гэж мэдэгдэв.
АНУ-д: Цунамигийн аливаа аюул өнгөрсөн гэж Номхон далайн цунамигаас сэрэмжлүүлэх төвөөс мэдэгдэв. Хонолулу дахь анхааруулах төвөөс тооцоолж шинэчлэн гаргасан үнэлгээ нь боломжтой бүх мэдээлэлд үндэслэсэн гэжээ. Мөн далайн усны түвшинд хэвийн хэмжээнээс 30 см-ээс дээш ба түүнээс доош бага зэргийн "хэлбэлзэл" үүсэх бөгөөд энэ нь ойрын хэдэн цагийн хугацаанд үргэлжилнэ гэдэг мэдээллийг өгчээ.
Тэрчлэн АНУ-ын Цунамигийн аюулаас сэрэмжлүүлэх төвөөс Засгийн газрын байгууллагуудад "хэвийн үйл ажиллагааг сэргээхэд аюулгүй эсэхийг тогтоохын тулд эрэг дээрх нөхцөл байдлыг хянаж байхыг" зөвлөжээ.
Эх сурвалж: CNN