Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Батсайхан
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлах салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ц.Батсайхантай ярилцлаа.
- Саяхан газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах сургуулилалтыг орон даяар хийлээ. Танайх онцгой байдлын байгууллагатай хэр уялдаатай ажилладаг вэ?
- Маш сайн. Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хийдэг гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага, сургууль бол чухал ач холбогдолтой үйл ажиллагаа. Монгол орны нутаг дэвсгэрт 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болоход бид тухайн мэдээллийг шуурхай боловсруулан шууд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвд тодорхой минутын давтамжтайгаар илгээж ажилладаг. Ингэснээр тухайн газар хөдлөлтөөс ямар нэгэн аюул учирсан бол тэр бүс нутагт авран хамгаалах, эрэн хайх ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулах зэрэгт чухал нөлөөтэй байдаг юм.
Мөн бид хамтран Улаанбаатар хотыг тойруулан хүчтэй газар хөдлөлтийг амжиж анхааруулах гурван станц байгуулсан байдаг. Улаанбаатар хотын барилга байшинг нураах эрсдэлтэй хүчтэй газар хөдлөлт боллоо гэхэд Бүрэн, Бүтээлийн нуруу, Могод, Дэрэн гэсэн бүсэд байгаа буюу нийслэлээс 150 км-ээс давсан зайтай станцаас мэдээлэл ирнэ. Тэрхүү мэдээллийг автомат систем 20 секундэд боловсруулаад мэдээлнэ гэсэн үг. Станцуудыг ийм хол байрлуулж мэдээлэл авч байгаа нь амжиж анхааруулах боломжийг эрэлхийлж байгаа юм л даа.
-Сүүлийн саруудад Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн давтамж олон удаа бүртгэгдлээ. Нэг газарт ийм олон хөдлөх нь томоохон газар хөдлөлтийн урьтал байдаг гэж ярьдаг. Үүнд та хариулт өгөөч?
- Манай байгууллагаас 2004 оноос хойш Цэцэрлэг хавийн бүсийн газар хөдлөлтийн идэвхжилийг ажиглаж байгаа. Үүнээс үзвэл энэ бүсэд газар хөдөлсөн тоо 10 мянга гарчихсан байна. Ганцхан Ихтамир суманд гэсэн үг биш шүү. Газар хөдлөлтийн урт хугацааны таамаглалыг Гутенберг – Рихтерийн тооцооллыг ашиглаж хийдэг.
Таамаглал урт хугацаандаа үнэн буюу магадлал өндөртэй гэж үздэг. Хүчтэй газар хөдлөлтийн өмнөх хөдлөлүүд гэж байдаг. Газар хөдлөлтийг богино хугацаанд таамаглах 17 шинж тэмдгийн нэг. Эдгээрээс 3-4 геофизикийн оронд өөрчлөлт гарч хөдөлгөөнд орсон байх юм бол хүчтэй газар хөдлөлт болох сануулга гэж тооцож болно гэж Америкийн геологийн холбооноос зөвлөсөн байдаг.
Харамсалтай нь хүчтэй хөдлөлийг яг баттай таамагласан юм байдаггүй. Ганцхан удаа БНХАУ-д 1975 оны хоёрдугаар сарын 4-нд Хайчэнд болсон 7,3 магнитудтай газар хөдлөлтийг хэдэн өдрийн өмнө урьдчилан таамаглаж орон нутгаасаа нэг сая гаруй хүн нүүлгэсэн тохиолдол байдаг.
Болно, болохгүй гэсэн таамаг хэлэхэд бэрх учраас тэр шүү дээ. Энд би нэг зүйл хэлмээр санагддаг. 1960-аад оны үед хүмүүс ус, цаг уурын станцууд худал мэдээлдэг гэдэг байсан. Газар хөдлөлтийн хувьд яг тийм нөхцөл байдалд байна. Ганцхан манай улсад ч ийм байгаа юм биш л дээ. Тэгвэл нөгөө ус, цаг уурын станцууд газарт, агаар мандалд тавьсан хэдэн мянган станцынхаа тусламжтайгаар цаг агаарын мэдээг 7-10 хоногоор урьдчилж гаргадаг, тэр нь бодитой болжээ. Харин газар хөдлөлтийг мэдрэх станцууд газрын гадаргуу дээр байгаа боловч хангалттай гүн бус. Газар хөдлөлт гэдэг чинь гүний үйл явц. Тэгэхээр гүн рүүгээ өөрчлөлтийг мэдрэх орон зайн станцууд хэрэгтэй байгаа юм. 1980-аад оны үед япончууд хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан мэднэ гэж эрдэм шинжилгээ, судалгааны олон өгүүлэл хэвлүүлж, ярьж байсан. Гэтэл олон станцтай байсан боловч 1995, 2011 оны газар хөдлөлтийг таамаглаж чадаагүй. Ер нь зөвхөн байгаа өгөгдөл дээрээ тулгуурлаж таамаглаж болохгүй юм байна гэсэн ойлголттой болчихоод байгаа.
-Тэгвэл газрын гүн дэх станцууд манай улсад байгаа юу? Орон нутагт ийм нэртэй газарт газар хөдөллөө гэж мэдээлдэг ч ямар арга хэмжээ авах ёстойг эсвэл тухайн бүс нутагт хэрхэн мэдрэгдсэн зэргийг хэлдэггүй.
- Газрын гадаргаас 45 метрийн гүнд манай нэг станц байдаг. Энэ бол харьцангуй гүехэн гэсэн үг л дээ. Бид газрын гүнд болж байгаа процессыг шахалт, тэлэлтээр мэддэг. Пи /P буюу primary/, Эс /S буюу second/ долгионы бүртгэлээр мэдэж байна. Хөндлөн буюу тууш долгионуудын хурдны харьцааны өөрчлөлтөөр гүнд юу болж байна гэдгийг мэддэг. Шахалтын процессоор гүнд байгаа усны түвшин өөрчлөгддөг. Манайд Газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, амжиж анхааруулах лаборатори ажилладаг. Орон нутагт 3,5, 4 магнитуд давсан газар хөдлөлтүүд бүртгэгдэж байна. Манай судлаачид станцуудаас мэдээллээ авч, боловсруулаад зарладаг. Эдгээр газар хөдлөлтийн дохио, мэдээлэл иргэдээс ирэхгүй байгаа нь тухайн бүс нутагт хүн амын нягтаршил багатай, өндөр байшин барилга байхгүй шахуу ихэнх нь гэрт амьдардаг зэргээс шалтгаалж байна.
- 3,5 магнитудтай газар хөдлөлт хэр хүчтэй мэдрэгдэх вэ?
- 3,5 магнитудыг тухайн цэгт байгаа хүн сайн мэдэрнэ. Хоёр магнитудыг мэдрэхгүй. Харин 4 магнитудтай хөдөлсөн бол нэлээн хүрээг хамарч мэдрэгдэнэ. Улаанбаатарт ийм хэмжээний хөдөлбөл айхтар мэдрэгдэнэ. Яагаад гэвэл хотжилт, хүн амын төвлөрөлтэй холбоотой.
Ер нь газар хөдлөлт бол шууд хүний амь насанд аюул учруулдаг юм биш хүмүүсийн барьсан барилга байгууламж өөрсдийг нь эрсдэлд оруулдаг. Яг л ангал ангайгаад тэр дотор л орчихгүй бол хүний аминд хүрэх аюултай биш. Аюулыг бидний барьсан өндөр барилга, байшин бий болгодог.
- Танай байгууллагаас монгол оронд болж буй газар хөдлөлтийг тэр даруйд нь олон нийтийн сүлжээнд мэдээлдэг болсон нь иргэдийн мэдээлэлтэй байхад зохих хэмжээнд нөлөөлж байна уу?
- Хүчтэй газар хөдлөлтийн араас нь давтан хөдлөх магадлал өндөр байдаг. 2015 оны 10 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотын зүүн зүгт Гүнжийн хагарал дээр нэг минут хүрэхгүй хугацаанд 4,4 3,7 магнитудтай хоёр удаа хөдөлсөн. Энийг л анхаарах хэрэгтэй байдаг. Манай залуус олон нийтийн сүлжээ ашиглах тухай санаачлаад жижүүр хийж байгаа мэргэжилтнүүд маань таны хэлсэн мэдээллийг "Монгол орны хүчтэй газар хөдлөлт" хуудсаар дамжуулан тогтмол өгөөд явдаг болсон. 3,5 магнитудаас илүү хүчтэй газар хөдлөхөд автомат бодлогыг хоёр минутын дотор хийдэг. Үүнийг хийхийн тулд доод тал нь 3-4 станцад бүртгэгдсэн байх ёстой. Яагаад хоёр минут гээд байгаа нь манай станцуудын байршил, тооноос шалтгаалж буй юм л даа. Дараагийн ээлжинд манай оператор бүх станцын мэдээллээ бүртгээд дахин боловсруулалтыг 10 минутын дотор хийдэг. Долгионы хүч, замхралт, далайц болон олон улсын станцуудаас авсан мэдээлэл зэргийг оруулж, харьцуулан тооцдог юм.
Монгол орны газар хөдлөлт нэг зуун жилээр (1900-2000). Дугармаа нар, 2002 он. Эх сурвалж: sciencedirect.com
- Олон улсын станцаас мэдээ авах процесс яаж явдаг вэ. Манайд нийт хэдэн станц байна вэ, тэдгээрээс олон улсын ангилалд нийцэх нь байдаг уу?
- Би бол ингэж тайлбарладаг юм. Манайд 80-аад цэг дээр 180-аад станц бий. Эмээлт орчимд нэг цэг дээр 10 станцтай олон улсын станц байдаг. Ийм төрлийн станц хэд хэд байгаа. Нэг цэг дээр олон станц байдаг нь долгионоо илүү сайн судалж, нарийвчлалтай мэдээлэл авах зорилготой. Бараг тэр станцын мэдээллээр хаанаа газар хөдөлснийг тоолчих боломжтой гэсэн үг. Бид ОХУ-ын хиллэж буй, Хятад улсад байгаа олон улсын станцаас мэдээлэл авдаг.
- Тэгэхээр манайх станцуудаа нэмэх шаардлагатай гэж ойлгож байна. Станц олон байх тусам аюулаас урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ тийм үү?
- Мэдээж нэмээд л байвал сайн. Одоо байгаа манай станцуудын хоорондын зай 100-150 км орчимд байна. Гэхдээ найман станцтай байсан 1994 оны үеийг бодоход харьцангуй сайжирсан л даа. Тухайн үед хүчтэй газар хөдлөл болоход фото цаасаа шууд хумиад угаадаг байсан гэсэн үг л дээ. Нөгөө цаасаа Улаанбаатар руу хамгийн хурднаар явууллаа гэхэд хоёр өдөр болж ирдэг. Ирэхээр нь бодолтоо хийдэг байжээ. Одоо бол газар хөдөлсөн тухай дохиог станцуудаасаа 30 секундын дотор аваад л хоёр минутын дотор баттайгаар энд газар хөдөлсөн гэдгийг тодорхойлж байна.
- Манай судлаач, мэргэжилтнүүдийн ур чадвар бусад улсынхаас дутахааргүй болсон уу?
- Мэдлэг чадвар болон багаж техникээр бол дутах юм байхгүй. Харин хааяа санхүүжилт бол дутна аа. Хөвсгөлийн Ханхын газар хөдлөлтийн үеэр бид 4-5 өдөр алдсан. Яагаад гэвэл зөвшөөрөгдсөн санхүүжилт байхгүй байсан учраас. Хамгийн түрүүнд геологич, гурван станц суурилуулах инженерийн багийг явуулсан. Бидний зүгээс бол ямар нэгэн байдлаар мэдээллийг олон хүнд, хамгийн хурднаар өгөхийг хүсдэг. Маш олон хэлж байгаа энэ хоёр минут гэдэг хугацаа бол хүний ур чадвараас биш станцуудын тооноос шалтгаалдаг гэдгийг ойлгож байгаа байх.
- Тэгвэл энэ тооцооллыг хийх олон улсын дундаж ямар байдаг юм бол. Японд бол хэдхэн секунд байдаг гэж уншиж байсан.
- Минут ярихаар япон судлаач толгой сэгсэрдэг. Юу ярьж байгаа юм бэ гэнэ шүү дээ. Японд бол 10 секундын тухай ярьдаг. Яагаад гэвэл 5 км тутамд газар хөдлөлтийг мэдрэх ямар нэгэн багаж станц байдаг. Газар хөдлөлнөөс хойш нэг секундэд эхний станц, 2-3 секунд өнгөрөхөд 7-8 станцад мэдэгдсэн байна гэсэн үг.
Боловсруулалт бол хэдэн секундэд л бэлэн болно. Учир нь хурдны галт тэрэг болон газар хөдлөлтийн бүстэй хамгийн ойрхон цахилгаан станцыг зогсоох гэж ийм хурдан ажиллаж байгаа юм. Газар хөдлөлт гэмгүй амьтан шиг зүйл. Харин хүмүүс бидний хийсэн барилга, байгууламжууд аюулыг бий болгодог гээд хэлээд байгаа шүү дээ.
Газар хөдлөлтийн дараах хамгийн аюултай зүйлийн нэг нь гал түймэр. Үүнээс сэргийлэхийн тулд цахилгаан станцын ажиллагааг зогсоодог. Японы хувьд гэвэл нэгдүгээрт олон станцтайн давуу тал байна, нөгөө талаар газар хөдлөлтийн давтамж ихтэй тул бэлтгэлтэй байж, ингэж сэргийлэхээс өөр аргагүй.
Монгол оронд 1270-аад онд хүчтэй газар хөдөлж байсан баримт бий
- Манай улсын хувьд дата мэдээлэл аль хэр цуглуулсан байдаг юм бэ?
- Маш сайн. 1994 оноос хойш тоон мэдээлэлд шилжсэн. 2004 онд улсын хэмжээнд хуучин станцуудыг бүрэн сольсон. 2010 оны Гаити болон Чили улсад болсон хүчтэй газар хөдлөлтөөс хойш Засгийн газрын зүгээс анхаарал хандуулах нь нэмэгдсэн. Ер нь энэ төрлийн гамшигт бэлтгэлтэй байх нь чухал болохыг энэ хоёр газар хөдлөлт харуулсан. Бидний хувьд тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байгаа.
- Танайхаас газар хөдлөлийн ерөнхий мужлалын зураг хийж байгаа гэсэн.
- Манай судлаач, мэргэжилтнүүд тооцоо судалгаа гаргаад Монгол Улсын хэмжээнд газар хөдлөлийн аюулын ерөнхий мужлалын зураг хийж байна. Өмнө нь цуглуулсан баримт, мэдээлэл дээрээ тулгуурлан судалгаа хийж боловсруулан 1983 онд “Шар ном”-оо гаргасан. 2018 онд манай хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл болон эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Одонбаатар ахлагчтай баг ерөнхий мужлалын зургийг гаргасан нь анх удаа монголчууд бие дааж гаргасан анхны тохиолдол болсон.
Одоо Ч.Одонбаатар даргын ахалсан баг сум болгонд нэг станц тавих ажлыг хийх гээд явж байна. Хэрэв тэгвэл 300 гаруй сум бүр нэг станцтай болно гэдэг чинь нөгөө станцуудын зай ойртож, мэдээлэл авах хугацаа багасна шүү дээ. Одоо бидний чичирхийллийн долгионы хурд хэмжиж байгаа байдал ахиж, хурдатгалыг шууд хэмжих боломжтой болох юм.
Ямар ч байсан бид дата сайн цуглуулж байгаагийн ачаар газар хөдлөлтийн тоог бүртгэж, өндөр магнитудтай газар хөдлөл болох магадлалыг илүү сайн тооцож байна. Газар хөдлөлийн долгионы тархалт, хагарлын тархалт, сарнилтын хуулийг өөрсдөө тооцож хийдэг болчихсон.
- Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог уу, хотыг тойрсон хагаралуудын тухай мэдээлэл өгөөч.
- Тийм. Хотыг тойрсон 17 том хагарал бий. Олонх нь геологийн хагарал, хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээгүй. Эдгээрийг 30 жил бүртгэж байна. Нийслэлийг тойроод газар хөдлөлтийн идэвхтэй зургаан хагарал байдаг. Шархай, Авдар уул, Хустайн нуруу, Гүнжийн хагарал зэргийг бид байнга судалж байдаг. Эмээлтийн газар хөдлөлийн эвдрэлийн бүсэд маш олон давтамжтайгаар нэг магнитудаас доош хүчтэй хөдөлдөг. Ер нь Улаанбаатар хотын ойр хавьд 7,5 магнитудын газар хөдлөх бүрэн эрсдэлтэй. Балл-д шилжүүлэхээр бол 9 баллаар мэдрэгдэнэ гэсэн тооцоо байдаг.
- Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг уу?
- Гутенберг – Рихтерийн тооцооллоор үзхэд бол манайх дунджид орж байна. Гэхдээ дэлхий дээр 1,5 жилдээ найм давсан магнитудтай газар хөдлөлт нэг удаа болж байна. Хорьдугаар зууны тэр төрлийн газар хөдлөлтийн дөрөв нь манай улсад болсон байдаг. Монгол орны нутаг дэвсгэрт 1270-аад болон 1761 онд хүчтэй газар хөдлөлт болж байсан гэдэг. Тодруулбал, 1270 оныхыг геологийн нас тодорхойлох судалгаа баталж байгаа, 1761 оны 12 сарын 9-ний хүчтэй хөдлөлтийн мэдээлэл сүм хийдийн бичээсийн түүхэн баримтууд дээрээс олдсон гэдэг мэдээлэл ОХУ-ын талд байдаг.
Монгол орны газар хөдлөлтийн голомтын механизмын зураг, Дэмбэрэл нар, 2011 он. Эх сурвалж: researchgate.net
- Балл, магнитудын ялгаа юу юм бэ?
- Баллыг 1800-аад оны эхээр италичууд гаргасан. Тэд модон байшин, чулуун барилга хоёр газар хөдлөлтийн үеэр өөр өөр гэмтдэг юм байна гэдгийг олж тогтоосноор энэ хэмжигдэхүүнийг гаргасан байдаг. Энэ хоёр хэмжигдэхүүн бол хоёулаа хэрэгтэй бас ялгаатай. Мэргэжлийн хүмүүс хүртэл яарч сандарсан үедээ сольж хэлдэг, олон улсын хэвлэлүүд ч ялгахгүй байх тохиолдол байдаг. Хамгийн ойлгомжтойгоор хэлбэл “голомтдоо” гэдэг үгэнд учир нь байгаа юм. 7,5 магнитудын хүчтэй газар хөдөлж голомтдоо 10 баллаар мэдэрсэн гэж ярьж болно. Яагаад гэвэл газар хөдлөлтийн нөлөө зайнаас сулардаг. Энд 9 баллаар мэдэрсэн бол 20 км-ын цаана 8 болоод багасаад явчихдаг. Суларсан энергийн процессоо ярьж байгаа бол магнитуд, яг тухайн орчинд мэдрэгдсэн нөлөөлөл бол балл гэж ойлгож болно.
- 1957 оны Говь-Алтайн газар хөдлөлт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын баруун талд /сумын төвөөс 20 км орчим/ мэдрэгдсэн байж болох уу. Манай буурал өвөө ярьдаг байсан л даа. Хониндоо яваад ирэхэд эргэнэг, тавиур дээр байсан данхтай цай унаж асгарсан, босоо байсан зүйлс газар унасан байсан. Тийм айхтар зүйл болсон юм билээ гэж?
- 1957 оны 12 дугаар сард болсон Говь-Алтай гэж тэмдэглэгдсэн газар хөдлөлтөөр 275 км хагарал газрын гадаргуу дээр үүссэн. Газар хөдлөлтийн голомт нь Баянхонгорт байхгүй юу. Баянхонгорын Их Богдын нуруунд. Тэгэхээр мэдрэгдэх боломжтой байлгүй яах вэ. Тухайн үед Говь-Алтай гээд уулынх нь нэрийг голлож авсан учраас ийм нэршилтэйгээр бүртгэгдсэн байдаг.
- Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байна уу гэж анзаарах боллоо. Мэдээлэл нээлттэй, хурдан тархаж байгаагаас болж байна уу эсвэл үнэхээр урьдынхаас олон болоод байна уу?
- Нэгдүгээрт мэдээлэл, технологийн хөгжилтэй холбоотой. Хоёрдугаарт, бидний амьдарч байгаа орчин, орон байрнаас хамаарч хүн зарим нэг сулавтар хөдлөлтийг мэдэрдэг болсон. Улаанбаатар гэлтгүй аймгийн төвүүдэд өндөр барилга олныг барьсан. Хорьдугаар зуны эхэнд 500 мянга хүрэхгүй байсан хүмүүс одоо 3,5 сая болчихоод нутаг дэвсгэрийнхээ өнцөг булан бүрд байж байна.
Өндөр барилгуудтай, хүн амын нягтаршилтай газарт байгаа хүмүүс газар хөдлөлийг илүү олноороо мэдэрнэ. Бидний багаж хүн мэдрэхгүй хөдлөлтүүдийг ч бүртгэдэг. Сүүлийн 4-5 жилийн судалгааны байдлаас харахад газрын хөдлөлийн хүч нь ихсэж байна.
- Та судлаачийн зүгээс иргэдэд хандаж юу хэлэх вэ?
- Би газар хөдлөлөө өмөөрөх гээд байдаг байхгүй юу. Ер нь бол энгийн номхон тагтаа шиг зүйл. Хоромхон агшинд болдог байгалийн процесс. Хамгийн гол нь хүмүүс бид л эрсдэлийг тооцоолж байшин барилгаа зөв, стандартын дагуу барих хэрэгтэй байна. Байшин барилга барихдаа мэргэжлийн хүмүүсээс заавар, зөвлөгөө авч өөрсдийгөө болоод бусдыг аюул, эрсдэлээс хамгаалах ёстой. Ядаж л цахилгааны утсаа чанартайг сонгож, гадуур нь хамгаалалт хийж, урт богиныг нь зөв тааруулан газар хөдлөлийн үеэр үүсдэг тог цахилгааны эрсдэлээс сэргийлчихдэг байх шаардлагатай.
Ярилцсанд баярлалаа.