01 сарын 09, 2024
Эсрэг өнцөг: Сонгуулиар “инфлүүнсэр”-ийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаана VS хаахгүй
Эсрэг өнцөг: Сонгуулиар “инфлүүнсэр”-ийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаана VS хаахгүй

Сонгуулийн үеэр цахим орчинд олон дагагчтай хувь хүмүүс аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаах эсэх асуудлаар эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын төлөөлөл эсрэг байр суурь илэрхийлж байна. МАН-ынхан өчигдөр бүлгийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд энэ тухай мэдээлэл өгсөн бол АН-ын шинээр сонгогдсон нарийн бичгийн дарга нар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Намуудын эсрэг байр суурийг харьцуулан хүргэж байна.

Ардчилсан нам

Н.Гансүх: АН-ын бизнес хөгжил, технологи, инновац хариуцсан Нарийн бичгийн дарга:  Сонгуулийн үеэр жирийн иргэд цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө зөрчлийн хуулийн 17.7-д заасны дагуу 10 сая төгрөгөөр торгуулах ойлгомжгүй байдал үүсээд байна. СЕХ-оос олон дагагчтай инфлүүнсэр буюу нөлөөлөгч нар аль нэгэн нэр дэвшигч, нам эвслийг дэмжих бол өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэж мэдээлсэн. Хувь хүн нэг нэр дэвшигчийг дэмжиж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө торгуулах, хууль эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. 

 

416186151_918287912990373_5664372064966135441_n 

Б.Батзаяа Ардчилсан намын залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга: Жишээ нь “дэмжинэ” гэвэл болно. Харин “дэмжицгээе” гэвэл торгуулна гэсэн мэдээлэл гарч байна. Хоёрхон үгийн зөрүүг хүн мэдэхгүй. Гэртээ сууж байгаад санаандгүй байдлаар хэн нэгнийг дэмжицгээе гээд биччихвэл торгуулах нөхцөл үүснэ. Энэ нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хорьж байна. Бүх зүйл тодорхой байх ёстой. Төрийн байгууллагуудын өгч байгаа мэдээлэл замбараагүй, тодорхой хариулт өгөхгүй байна. Тоглоомын  дүрмээ тодорхой болгоё. Уриалга болон ухуулга, үзэл бодлоо илэрхийлэх нь агуулгын хувьд тодорхойгүй байна гэж үзэж байна. 

Монгол ардын нам

Д.Тогтохсүрэн: УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн:  Олон дагагчтай хүмүүсийг бүртгэнэ гэсэн ойлголт байхгүй. Тэр олон дагагчтай хүнээ ухуулагчаар ажилуулах уу, үгүй юу гэдэг нь тухайн нэр дэвшигчийн асуудал. Бүртгэнэ гэсэн ойлголт огт байхгүй. Сурталчилгаанд ашиглаж болох зүйл болохоос хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш шүү дээ. 

415336575_10232043605251742_8782608614931255918_n 

М.Оюунчимэг: УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн: Олон дагагчтай хүмүүсийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдах нь гэсэн ташаа ойлголтууд явсан. Ийм зүйл огт байхгүй. Сонгуулийн хуулийн 47.4 дээр бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, худал мэдээлэл тараах гэсэн заалт бий. Энэ нь цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоор батлагдвал тодорхой арга хэмжээ авна. Харин олон нийтийн сүлжээнд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж, хаах зүйл огт байхгүй шүү гэдгийг албан ёсоор хэлье.

                                                                 Намуудын төлөөлөл ийм байр суурьтай байна.