Соёлжихгүй бол хуульд цагдуулж дуусах нь
Нийслэлийн иргэд агаарын бохирдол, өндөр хүчдэлийн ил гарсан утас, бохирын онгорхой нүх, дээрэнгүй жолооч нарын түрэмгийлэлтэй өдөр бүр тулгарч байдаг. Угтаа бол эдгээр аюул нь байгалийн давагдашгүй гамшгаас илүүтэй хотынхны айдас, бухимдлыг төрүүлж байна. Жил бүр эдгээрийг шийдвэрлэх арга замыг эрсээр мухардах нь цөөнгүй. Улирал солигдох бүрд иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэнд хэд хэдэн зүйл заналхийлж байдаг. Зуны үер, өвлийн халтиргаа гулгаа зэргээс үүдэж таван метр алхаад хүрэх газрыг тав дахин нугалсан замаар тойрч бүдэрсээр зам хороох иргэд өрөвдмөөр. Жинхэнэ “Extreme” аялал манай хотод бий.
Бид өвлийн халтиргаа гулгааг давс, пингвин алхалт гэх шийдлээр давсан болдог.
Харин ухамсаргүй жолооч нарын явган зорчигч руу ус цацах үйлдлийг хуулиар зохицуулахаас өөр аргагүй мухардсан.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасны дагуу “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100.000 төгрөгөөр торгоно” гэх заалтаар жолоочдын ухамсарт хонх цохихыг хичээх нь инээдтэй.
Харин явган зорчигч тухайн зөрчлийн талаар холбогдох нотлох баримт болох зам дээр тогтсон тогтоол усны болон тухайн хэсгийг автомашинтай иргэд тойроод гарах боломж байсан эсэхийг харуулсан дүрс бичлэг, фото зураг, ус цацсан гэх автомашины зураг зэргийг хавсарган харьяа нутаг дэвсгэрийн замын цагдаагийн нэгжид бичгээр өргөдөл гарган шалгуулах боломжтой юм. Угтаа бол явган хүн рүү ус цацахгүй хурдаа тохируулж явах нь соёлт нийгэмд амьдарч буй иргэнд байх энгийн шаардлага. Нэг үгээр дадал болсон зуршил баймаар. Гэтэл авто зам дээрх нүх сүв бүрд дүүрсэн борооны ус, шавар шалбаагийг жолооч явган зорчигч руу жишим ч үгүй цацчихаад цааш хурдлах нь бухимдал төрүүлэм.
Гэхдээ энэ төрлийн асуудалд төр эд бяраа гайхуулах нь утгагүй. Замын чанар, ус зайлуулах системд төр анхаарал хандуулмаар. Гэтэл бяцхан дүүгээ өмөөрч буй хүүхэд шиг жолооч нарыг хуулийн хүчээр дарж, цагдах нь асуудлын гарц биш. Угтаа хурдаа тааруулах, нэг нэгнээ хүндлэх өчүүхэн соёлыг л нийгэмд дэлгэрүүлэх нь чухал.