“Бид олз олбоос баярлаж, гарз гарваас гасалж, сайхан амарч зугаацахад шунаж, жаахан ядарч өвдвөөс шаналж, хүндлэгдвэл хөөрч, шүүмжлэгдвэл гутарч, тэр ч байтугай нийгмийн сүлжээнд оруулсан зургийг нь магтацгаахад учиргүй баясаж, шоолуулбал амиа хорлохоос наахнуур сэтгэлээр унацгаана.” Номын редактор, СГЗ Г.Аюурзана
Энэ удаа уншигч танд өөрийн зорин авч, дахин уншсаар байгаа хэлбэр цомхон боловч агуулга, утга гүн нэгэн “Номын тухай” хүргэж байна. Амсхийн суугаад зүрх сэтгэлээ чагнахад, түүнийхээ гэрэл, сүүдрийг олоход, өөрийнхөө тухай эргэцүүлэн бодоход, бусдыг ойлгож, энэрэхэд энэ ном тусална.
"Сэтгэл тэнүүн амьдрахуй" хэмээх нэртэй энэ номыг уншихын өмнө та дараах хэдэн асуултын хариултыг өөртөө бодоорой. Номыг нэг уншиж дуусахад, хоёр уншсаны дараа, тэгээд өдөр бүр хуудсыг нь эргүүлдэг болсон үедээ эдгээр асуултын хариулт хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаараад нэг үзээрэй.
Сэтгэл тэнүүн амьдрах гэдгийг юу гэж ойлгож байна вэ. Та сэтгэл тэнүүн амьдарч байна уу?
Та сэтгэлээ жолоодож чаддаг, ёс суртахуунтай хүн мөн үү?
Та бусдыг энэрч хайрлаж, тэдний нөхцөл байдлыг өөрийн түвшинд харьцуулан үзэж ойлгож чаддаг уу?
Уншигч таныг эл номд хөтлөх эхлэл болгож 15 эшлэлийг хүргэж байна.
2. Бурхан багш цэвэр шижир алт мөн эсэхийг мэдэхийн тулд давтаж, тасалж, сүүлд нь хайлуулж, таньж мэддэгийн адил миний сургаалыг сайн шинжлэн судалж үзээд аваарай, сүсэг бишрэлийн үүднээс бүү аваарай хэмээн сургажээ.
3. Дайсан гэдэг нь гадна орших бус харин өөрийн дотоод сэтгэлд оршдог хэмээн Буддын шашинд үздэг.
4. Буддха эрэгтэй, эмэгтэй хүний оюун ухааны чадвар адил, эр эм хүйсээс үл хамааран хэн ч гэгээрэлд хүрч болно хэмээн өөрийн шавь Анандад айлджээ.
5. Буддын шашинтан гэж хэлэвч бусдад хорлол учруулдаг хүн бол үүдний цаана буй хүн юм.
6. Гэгээрсэн хүн гэдэг нь ертөнцийн хууль, жам ёсыг ухаарсан хүнийг хэлнэ.
7. Үргэлж дээш өлийн харж зулгуйдах хүмүүст өмнөх нүхээ харалгүй унах аюул бий.
8. Удахгүй өвөл болох нь яана даа гэж санаа зовох хэрэггүй. Дулаан хувцсаа л бэлдэх хэрэгтэй.
9. Ёс суртахуунтай амьдрах аваас гэмшил үгүй, айдас үгүй, санаа зовнил үгүй байх тул сэтгэл амгалантай, тогтуун байж билиг ухаан төрдөг аж. Гэгээрэх замын үндсэн суурь нь ёс суртахуун гэж үздэг.
10. Зөвхөн амин хувиа бодох би төвт үзлээс салан, бид бусад гэсэн бодол санаагаар аливаа зүйлд хандах юм бол өөрт ч, өрөөлд ч амар амгалантай.
11. Үхэл хагацал ярих нь бэлгэ дэмбэрэлгүй боловч үхлийн тухай бодож санаж явах нь бэлгэ дэмбэрэлтэй юм.
12. Угаас ертөнцийн жам ёс, өөрөөс эс хамаарах, засагдаж эс болох зүйлтэй тэмцэх нь утга учиргүй тэмцэл оролдлого юм.
13. АНУ-ын ангиллаар 1946-1964 онд төрсөн монгол хүмүүсийг “бүүмэр” гэх, АНУ-ын “бүүмэр”-үүдийн зан төрхийн тодорхойлолтоор монгол хүнийг тодорхойлох нь тун алдаатай ойлголт юм.
14. Сэтгэлээ төвлөрүүлж суръя гэвэл бясалгал тогтмол хийж байвал сайн.
15. Сэтгэлээ нэгэн үзүүрт төвлөрүүлж сурсны дараа тэрхүү төвлөрсөн сэтгэл дээрээ аливаа зүйлийн мөн чанарыг тунгаан бодож задлан шинжлэх бясалгалыг “үлэмж үзэх” бясалгал буюу задлан шинжлэх бясалгал гэж хэлдэг.
Энэ номыг уншихад таны ямар шашин шүтэж, итгэж үнэмшдэг байх, залуу эсвэл хөгшин байх нь онц чухал биш. Харин ухамсар, сэтгэлтэй түүндээ эргэцүүлэн боддог чадвар л хамаатай санагдсан билээ.
Зөв амьдрахын тухай Буддын шашны номлолыг энгийн ойлгомжтой, сонирхолтойгоор өгүүлсэн ном.
Зохиогчийн тухай: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи – археологийн тэнхимийн багш, Португал улсын Лисабоны их сургууль институт их сургуулийн зочин профессор Ж.Лхагвадэмчиг. Тэрбээр Буддын болон төвөд судлалаар Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургууль, Энэтхэг улсад Төвөд судлалын төв их сургууль, Хонгконгийн их сургуулийг төгсжээ. Мөн Япон улсын Шига мужийн их сургуульд соёлын антропологийн докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаач юм.
Зохиогч номын өмнөх үгэндээ ... Зарим үед ажил үйлс өөрийн хүслээр бүтэхгүй, бусад ч элдэв үг, үйлдлээр саад тотгор хийн дайсагнах мэт санагдан уур уцаар аандаа хүрэх нь бий. “Доромж үг, үйлдэлд таарсан хариуг нь яаж барих нь зөв бэ? Зүгээр суухаар бууж өгөөд байх шиг санагдах юм. Яахаа мэдэхгүй байдалд орох үе байх юм. Буддын шашинд, Бурхан багш энэ талаар юу гэж сургасан байдаг вэ?” гэсэн асуултыг зарим найз нөхөд минь асуудаг юм.
Дээрх асуултын хариуг Бурхан багш, Буддын ном сударт хэрхэн заан сургасан талаар энэхүү бэсрэг номд товч, энгийн байдлаар өгүүлэхийг зорив. Чингэхдээ Буддын судар шастираас иш татахын сацуу бидний монголчуудын соёл сэтгэлгээ, ёс зүйн код болох нэжгээд зүйр цэцэн үг, хэлц үгтэй харгалдуулан тайлбарлахыг хичээв. ... гэж өгүүлсэн байсан.
Зөв бодол, зөв сэтгэл буюу хандлага, зөв амьдралын тухай Буддын шашны номлолыг хамгийн энгийн ойлгомжтойн сацуу сонирхолтойгоор өгүүлснийг эл номоос уншиж, тунгаагаарай.