Гэрэл зургийн эх сурвалж: ANN news суваг
Япон улсын нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудалд өнгөрөгч долоо хоногт хоёр онгоц мөргөлдсөн ослын үеэр япончуудын тайван байдал, мэргэжлийн үйл ажиллагаа дэлхийн хүмүүсийг гайхширууллаа.
Олон улсын хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлаж, манай улсын сошиал хэрэглэгчид хувь, хувийн бодлоороо дүгнэн санал уралдуулж байсан юм.
Тэгвэл эл аврах ажиллагааны нууц нь юу байдаг, тийм аймшигт ослын үеэр япон хүмүүс яаж ажилладаг тухай товчхон тайлбарлая.
Япон улсад хүүхдүүдийг цэцэрлэгт байхаас нь гал түймэр, газар хөдлөлт гэх мэт гамшиг ослын үед хэрхэн аюулгүй гарч, амьд үлдэх вэ гэдгийг нарийн системтэй зааж сургадаг. Сурагч, оюутан болсон ч өнөөх сургалтуудыг давтан орсоор л байна. Тус улсад суралцдаг гадаад оюутнууд ч мөн адил тэдний нэг болдог.
Гамшиг ослын үеийн сургуулилалтыг явуулахдаа цэцэрлэгийн хүүхэд, том хүн гэж ялгахгүй, зүгээр дадлага гэж хайнга хандахгүй бүгдийг стандарт, дүрмийн дагуу явуулдаг учир шатаж байгаа онгоц дотор хэн ч би түрүүлж бууя гэж хашхирахгүйгээр зөвхөн аврах багийн зааврыг дагасаар 379 зорчигч эсэн мэнд гарч чаджээ.
Олон жилийн турш тогтсон цэгцтэй системтэй, түүний хүчинд хүмүүс гарцаагүй итгэдэг учраас, хүний эрүүл мэнд, хүний амь нас, хүний хөгжлийг нэгдүгээрт тавьдаг улсад эл үйл явдал болсон болохоор үр дүн тийм эерэг байлаа.
Угтаа бол 379 зорчигчийг аюулын бүс буюу онгоцноос гаргаж дуусах хүртэл нийт 8 минутын хугацааг зарцуулсан аж. Түүний дараа хүн үлдсэн эсэхийг эгнээ бүрчлэн шалгаж дуусахад осол гарснаас хойш 18 минут өнгөрсөн буюу оройн 18:05 цаг болж байсан гэж тус улсын ANN news суваг мэдээлсэн.
Нэмж нэг зүйл тодруулахад, “Аврах ажиллагааны 90 секундийн дүрэм” гэж байдгаас 379 зорчигчийг онгоцноос гаргасан хугацаа 90 секунд биш юм билээ. Энэ нь онгоцны аврах хаалга бүрэн ашиглагдах боломжгүй байсан ч 1 минут 30 секундийн дотор бүх зорчигч гарч чадахуйцаар төлөвлөгддөгтэй холбоотой аж. Мөн онцгой байдал үүссэн үед ашиглах гал унтраах эх үүсвэр бүх онгоцны буудлуудад байх ёстой бөгөөд аль ч хэсэгт гал гарсан 3 минутад унтраана гэж төлөвлөдөг ч илүү хурдан ажиллаж 2 минутын хугацаанд галыг унтраахыг зорьдог байна.
Газар хөдлөлт, гал түймрийн ослын давтамж нэмэгдэж буй Монгол Улсын хувьд тэднээс судалж, санаа авч бодит ажил хэрэг болгох зүйл маш их байгааг гэдгийг хэлэхийн тулд хэд хоногийн өмнө болсон үйл явдлыг дахин сануулав.