Ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсныг тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Хохирол болох 134,5 тэрбум төгрөгнөөс мөрдөгчид 11,9 тэрбумыг нь төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэж Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээллээ.
Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байна. Төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдаж авахад оролцон эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газар, “Тэнүүн огоо” компанийн удирдлага, гадаадын иргэд зэрэг нийт 30 орчим хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм.