Солонгосын гурван суваг тутмын нэгээр монголын тухай гарч байна
Монгол Улсын аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр болох “Go mongolia” төслийг өнөөдөр БНСУ-д танилцууллаа.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Солонгосын хэвлэл мэдээллийн гурван суваг тутмын нэгээр Монгол Улсын талаар нэвтрүүлэг цацагдаж байгаа судалгаа байдгийг" онцолсон юм. Мөн Монгол Улсын Засгийн газар Солонгосын иргэдийг визгүй зорчих ажлыг цаашид ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
“Go mongolia” төсөл нь “Чингис хааны өлгий нутаг”, Зуны аялал ба говь, Өвлийн аялал ба тайга, Нүүдэлчин соёл ба “Нэг жуулчин - Нэг хонь”, Адал явдалт гэсэн таван аяллын хөтөлбөртэй аж. Уг үйл ажиллагаанд хоёр улсын бизнесийн болон аялал жуулчлалын салбарын голлох төлөөлөгчид, хэвлэл мэдээлэл, кино урлагийн одод болон тик ток, инстаграм, youtube, naver blog зэрэгт зуун мянгаас 30 хүртэлх сая дагагчтай нөлөөлөгчид оролцжээ.