Шүүгдэгч Чен Бин-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор эмээлтийн нянгийн бохирдолтой махны хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эмээлтэд нянгийн бохирдолтой мах бэлтгэж байсан “Эм Ди Си Пи” ХХК-д 70.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70.000.000 /далан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд хоёр зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулсан.
Мөн “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн, 969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн юм.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх