01 сарын 08, 2024
Редакцын зурвас
Редакцын зурвас

Эрхэм уншигч, үзэгч, сонсогч тантай bpress.mn мэдээ, мэдээллийн сайтын хамт олон мэндчилж байна. 

Мэдээ, мэдээлэл хүлээн авах нь хүний анхдагч хэрэгцээнүүдийн нэг. Яг л ус уух, хооллох, хувцаслах зэрэг шиг. Тэр тусмаа үнэн бөгөөд чанартай мэдээлэл авч, түүнийгээ задлан шинжилж, зөв сонголт, зөв алхам хийж чаддаг байх нь  өөрт таарсан, дулаан гутал өмсөж хөлөө холгохоос айхгүй хол замд алхах шиг хэрэгцээтэй зүйл билээ.  

Техник технологийн хурдацтай хөгжил, хэвлэл мэдээллийн хараат байдал зэргээс шалтгаалан мэргэжлийн сэтгүүл зүйд олон асуудал тулгамдаж байна. Гэхдээ бидний багш, сэтгүүл зүйн профессор Ж.Батбаатар “Суурь сэтгүүл зүй” номдоо “Хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүй л цахим эрин үеийн хэт мэдээллийн дарангуйлал, дарамтаас иргэдийг ангид байлгаж, мэдээлэл сайтай, мэдээллийн боловсролтой иргэд л өөрсдөө ч хөгжиж, нийгмээ ч хөгжүүлж чадах учраас сэтгүүл зүйн чанартай мэдээллийн хэрэгцээ нийгэмд улам бүр өсөн нэмэгдэж байна” хэмээн дүгнэсэн нь бидэнд урам зориг, итгэл найдвар өгсөн юм. Иймээс хараат бус, мэргэжлийн редакцын тоог нэгээр нэмж, хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйд хүч түрэхээр bpress.mn сайтаа албан ёсоор нээж байна. 

Хүний хөгжил болон эдийн засгаараа  тэргүүлэгч улс орнуудыг ажиглаж, анзаарч, судалж байхад хүн бүр өөрийн чадах зүйлээ шударгаар хийж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох нь эх орноо хөгжүүлэхэд тэр хэрээр нөлөөлнө гэдгийг мэдэж авсан билээ. Тиймээс залуус бид өөрсдийн чадна гэж сэтгэсэн ажлаа эхлүүлж байгаа юм. 

Олон түмний үнэнийг мэдэх эрхэд үйлчлэх, мэдээлэл авах анхдагч хэрэгцээг нь хангах зорилготой бидний ажил нэг ч болов хүнд мэдлэг мэдээлэл өгч, ирээдүйн нийгмийнхээ хөгжилд хэрэгтэй болбоос ашид баяртай байх болно. 

BPRESS.MN САЙТЫН РЕДАКЦ