Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг шүүх хурал өнгөрсөн онд гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 32 хүнийг гэм буруутай гэж үзэж ял оноосон. Мөн дөрвөн хуулийн этгээдийг буруутай гэж үзэж, торгууль шийтгэл оногдуулснаар урт хугацаанд үргэлжилсэн дуулиант хэрэг дууслаа гэж бодсон ч үгүй байв. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлын дагуу хэргийг дахин хэлэлцлээ. Тэгвэл прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан Хөгжлийн банкны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 07-ны өдрөөс 22-ны өдөр хүртэлх хугацаанд хянан хэлэлцэж ямар шийдвэр гаргасныг тоймлон харцгаая.
Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн холбогдсон. Тэдний гурвынх нь хэргийг анхан шатны шүүхээр цагаатгасан. Давж заалдах шатны шүүх ч мөн адил энэ шийдвэрийг хэвээр үлдээснээр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуян нарыг хэрэг цагаадаж байна.
Тодруулбал, анхан шатны шүүх нэр бүхий 48 хүнийг цагаатгаж шийдвэрлэснээс Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Харин шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, тэдгээрт холбогдох хэргийг тусгаарлан прокурорт буцаасан болно.
Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл болон алба, хэлтэст нь ажиллаж байхдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр энэ хэрэгт татагдсан хүн олон. Тэдний олонхыг нь анхан шатны шүүхийн шийдвэрээр цагаатгасан ч давж заалдах шатны шүүхээс Ц.Билгүүн, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Б.Махбал, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, Г.Галсанням, О.Хуягцогт, О.Баяр, Ц.Ууганбаяр, Д.Даваасамбуу нарын 19 хүнийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Ингээд анхан шатны шүүхээр цагаатгасан 48 хүний 21-ийнх нь хэргийг дахин хянаж, хэлэлцэхээр болсон гэсэн. Тэгвэл гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэл сонссон 32 хүний хэрэг яаж шийдэгдсэнийг үргэлжлүүлэн харъя.
Анхан шатны шүүхээс 32 хүнийг гэм буруутайд тооцсон. Гэвч давж заалдах шатны шүүх тэдний 10-ыг нь гэм буруутай гэж үзэв. Тодруулбал, шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарын 9 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээсэн. Харин шүүгдэгч Н.Сүхболдод холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө.
Мөн шүүгдэгч хуулийн этгээд болох “Инжир” ХХК, “Ганхүдэр Орд” ХХК, “Хааны Харгуй” ХХК-уудыг гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсныг хэвээр үлдээсэн байна.
Анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон 32 шүүгдэгчийн 22-ынх нь хэргийг анхан шатны шүүхээр дахиан хэлэлцүүлэхээр боллоо. Тодруулбал, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарыг гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “НВЦ” ХХК-ийг гэм буруутайд тооцсоныг, мөн “Модун” ХХК“, Комплант” ХХК-нд холбогдох хэргийг хүчингүй болгосныг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээлсэн юм.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дараа нэгтгэж харвал хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс хувийн хэвшлийн төлөөлөл голдуу 10 хүн, гурван хуулийн этгээд л гэм буруутай болж таарав. Харин ашиг сонирхлын зөрчил гаргаж нөлөөлсөн гэх УИХ-ын гишүүд болон хөгжлийн банкны удирдлагуудын хэргийн зарим нь хэрэгсэхгүй болж, үлдсэн хэсэг нь анхан шатны шүүх болон прокурорт буцлаа.