03 сарын 27, 2024
976 барилгад үнэлгээ хийхэд олонх нь газар хөдлөлтөд тэсвэргүй байжээ
976 барилгад үнэлгээ хийхэд олонх нь газар хөдлөлтөд тэсвэргүй байжээ

Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарчээ.

Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна.

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гаргийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль зохион байгуулдаг.

Энэ тухай болон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх бусад ажлын талаар өнөөдөр  ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ШУА-ийн Одон орон гео физикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төвийн дарга А.Мөнхсайхан, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хэлтсийн дарга Н.Тамир нар мэдээлэл хийв.

Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Зөвхөн 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Мөн мэргэжлийн байгууллагуудаас Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан тухай мэдээллийг өглөө. Эдгээр нь 2002 оноос өмнө баригдаж, ашиглалтад орсон барилга аж. 

Тухайн барилгуудын даацын бат бэх буурсан, ан цав, хагарал үүссэн, ашиглалт хариуцсан байгууллагууд нь засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй зэрэг шалтгаанаас үүдэж газар хөдлөлтөд тэсвэргүй нөхцөл байдал бүрджээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлэгдсэн барилгуудыг буулгаж, шинээр барилгажуулах хэрэгтэй гэж үзэж буй ажээ. Харин хяналт, шалгалтаар 205 барилгыг хүчитгэн ашиглах боломжтой гэдэг үнэлгээ гарсан байна. 

Маргааш иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар хөдлөлтийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх аргад сургах дадал олгох, эрсдэлийг бууруулах дадлага сургуулийг зохион байгуулна. Ёс төдий өнгөрүүлэх биш, гамшиг нүүрлэсэн үед мэдлэгтэй дадалтай байж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аврах аргад суралцахыг зорьж, идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг уриаллаа.