Сайхан гэж хүн, амьтан, юмс үзэгдлийн үзэмж төгөлдөрийг, сэтгэл санааны хоргүй шударгыг хэлнэ.
(Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь)
Тэдний яриа үгийн шид, үгсийн эрчмийн тухай, амны бэлгээс ашидын бэлгэ хэмээхийн талаар илүү ихийг бодогдуулж байлаа. Япон улсын эрдэмтэн Масарү Эмотогийн олон жилийн өмнө хийсэн судалгаа санаанд бууна. Тэнд эерэг, сөрөг үгийн хүч усны талстад хэрхэн нөлөөлж байгааг харуулаад “Усанд үг ингэж нөлөөлж байна. Тэгвэл биеийнх нь дийлэнх хувь уснаас бүрдсэн бидэнд үг ямар нөлөө үзүүлж болохыг төсөөлөөд үз дээ” гэдэг санааг илэрхийлдэг юм.
Хүүгийн ярианаас “сайхан өдөр, сайхан хүмүүс, сайхан нутаг, сайхан наадам, сайхан тунаа, сайхан даваа, сайхан сэтгэл ...” ихэвчлэн ийм тодотголтой үгс сонсоно. Харин ээжийн яриа “сайхан цаг хугацаа, сайхан түмэн олон, сайхан уул ус, сүүн цацлаа өргөж суудаг сайхан ээжүүд, ...” гэж үргэлжлэх бол ахын яриа “сайхан аав, сайхан ах нар, сайхан дүү, сайхан цол, сайхан мэдрэмж, сайхан монгол жудаг, ...” хэмээн цаашилна.
Сайхан гэж сайхныг л хэлнэ, сайхан хүнийг, сайхан юмыг. Тэгэхээр эерэг утгатай энэ үг ерөөл мэт, тарни мэт хүчтэй ажээ. Ийм үгийг амны уншлага болгож, энэ үгэндээ багтаж яваа хүмүүс бол Монгол Улсын гарди Ц.Бямба-Отгон, түүний эснэж, торнисон гэрийнхэн юм. Хэлбэр маяггүй монголоороо, эгэл буйгаараа сайхан гэдэг үгийн утга, сайхан оршихын агуулгыг харуулах нь хүний сэтгэлд ойрхон.
Монгол Улсын гарди Ц.Бямба-Отгоныг монгол үндэсний бөхийн нэгэн сайхан залуу дүр гэдэгтэй бөхөд хайртай олон хүн лавтай санал нэгдэнэ. Үндэсний их баяр наадамдаа үзүүрлэчихээд хэлсэн “Тунах сайхан Тунаад давах сайхан” гэдэг нь сайн бөх байхын, өөртөө итгэлтэй байхын, багшийнхаа, ах нарынхаа захиасыг санаж жудагтай байхын нэр юм байна.
Ааваа дурсаж сэтгэлээ хүчирхэгжүүлэх, хэзээд зорилгодоо үнэнч байх, эрдэмд шамдаж ухаалаг, эвийг санаж ёс зүйтэй явах нь түүний үлгэрлэж буй сайхан гэдэг агуулга юм байна.
Зөв олсон гэрийн хүмүүжил, ижийн ерөөлийн үг хоёр үр хүүхдийнхээ ирээдүйг залдаг гэдэгт илүү итгэлээ. Ерөөс сайхан байна гэдэг нь үгээр хэлснээ үйлдлээр батлан харуулахын нэр ажээ.