Эрх чөлөөгүй амьдрах нь үхлээс аймшигтай
Эрх чөлөөгүй амьдрах нь үхлээс аймшигтай

Зургийн эх сурвалж- Ravixxdesigns

Иргэдийнхээ амьдрал цаашлаад үг үйлдэлд хяналт тавьж хэлэх үг, хийх үйлдлийг нь зааж нэг л гажвал шууд устгаж удирддаг нийгэмд ганц ширхэг шүдэнз зурж чадсангүй нь харамсалтай.

“Ямарваа нэг улс орон сэхэж өндийхөөс өмнө урлаг нь сэргэдэг. Эхлээд ард түмний зүрх сэтгэлийн дуудлагыг сэрээсэн, од нь болсон урлагийн бүтээлүүд мэндэлдэг” гэгчээр тайз дэлгэцийн олон чанартай уран бүтээл нийгмээ чиглүүлэх “алтан гадас” нь болсоор байна. Өөр рүүгээ, нийгэм рүүгээ өнгийсөн тэр бүү хэл үзвэрийн дараа өөрийгөө ч үзэн ядаж, жигшмээр эсвэл хайрламаар санагдсан бүтээлүүд бохирсон өвсийг өндийлгөх салхи мэт монголчуудынхаа оюун бодлыг сэнхрүүлэхийг хичээсээр байна.

Хаврыг угтаж ар араасаа нээлтийн хөшиг сөхсөн сонгодгуудаас онцлон “1984” жүжгийг /2024.03.22/ өдөр үзэхээр зорилоо. Ерөнхий сайд А.Амарын гудамж хөл ихтэй байлаа. Хүмүүс соёлын төв өргөөнд тоглогдож буй хошин урлагийн “Х Түц” продакшны "SHOW TIME 2024" тоглолт эсвэл “Ulaanbaatar hotel event hall”-д нээлтээ хийсэн Орфей театрын "1984" постдрам жүжгийг үзэхээр замын наана, цаана зааглагдсан мэт харагдана. Гагц тэд оюун бодлоо ямар бүтээлээр тэтгэн, баясаж, эрх чөлөөг амтлах нь өөрсдийн дур биз ээ. "1984" постдрам жүжиг үүднээсээ Та бодож байна уу? гэх хачин жигтэй асуултаар бүчин, авлаа. Сайн, муу жүжиг гэх бодлоо үүдэнд гээсэн үзэгчид хувцас өлгүүрийн жижиг булангийн цаана ямар уур амьсгал хүлээж байгаа бол гэх хүлээлтэд автсан мэт санагдлаа.. 

Чамин улаан хөшиг, театрын зөөлөн сандалд хоёр цаг тухалсангүй.“Том ах”-ын хараанд буй мэт цагаан тайз, жихүүдэс хүргэм хүйтэн гэрэлтүүлэг... Энэ мэдрэмжээс ангижирч амжаагүй байтал түгшүүртэй, хүнд ая чимээлэн намын дүрэмт хувцастнууд тайзнаа гарч ирэв. Тэдний харц, бодол цул мэт бүх л үйлдлийг зэрэг хийж, захирангуй, чанга хоолойгоор “Би том ахад хайртай!” гэж хашхирах нь хачин жигтэй мэдрэмж төрүүлнэ.

Уистон Смитийн дүрийг бүтээж буй С.Болд-Эрдэнэ дотроосоо тэсэртэл орилохыг хүсэвч чадахгүй байгаа мэт зовонгуй бараан царайлах нь жүжигт улам бүр автуулж, байлаа. Түүний ээдэрсэн яриа, гарын хөдөлгөөн, нэг газраа тогтож чадахгүй доголон алхах нь “Том ах” гэж чухам хэн болохыг харах хүсэлд үзэгчдийг илүү хөтөлсөн биз. Сонирхол татахуйц тайзны зохион байгуулалт нь дасал болсон театрын тайзнаас өөр бөгөөд“1984” жүжигт нэвт оруулах шидтэй аж.

Жүжгийн тухай товчхон өгүүлэхэд,Уинстон Смит гэх “Үнэний яам”-д ажилладаг гуч гаруй насны залуу дарангуй нийгмийнхээ эсрэг дорвитой тэмцсэн зүйл үгүй ч зөвхөн бусдаас өөрөөр сэтгэснийхээ төлөө яргалал, тарчлал амсаж эцэст нь бодол санаа, зүрх сэтгэл нь бууж өгснөөр тэдний нэг болж буй тухай юм. Хүлээн зөвшөөрөхөд бэрх зүйлийн өмнө хүлцэнгүйгээр дуугүй зогсох нь эмгэнэл.

“Том ах”-ын нүд чихний дүрд “тоглосон” хяналтын дэлгэцүүд тун сонирхолтой шийдэл байлаа. Энэ нь “1984” жүжгийн бүх хэсэгт М.Батболд найруулагчийн үзэгчдэд хүргэх гэсэн санаа нэвт шингэсний илрэл биз ээ. Тайзны соёл ярих дуртай зарим монгол үзэгч рүү жүжигчин нуруугаа харуулахыг соёлгүй гэдэг. Тэгвэл “1984” жүжиг төгсөн төгстлөө тань руу нуруугаа харуулах ч нүүрээ харж, нүдээ ширтээд ярилцахаас ч илүү ойлгомжтой байх болно. Жүжгийн агуулга, мөн чанар тайз, танхимаар дүүрэн савангийн хөөс мэт хөвөн нисэж, хаа нэгтээ, хэн нэгэн дээр бууж хагарсаар байв.

Хөгжим бол жүжгийн илэрхийллийн гарцаагүй чухал хэсэг. “1984” жүжгийн хөгжмийн найруулга ямар нийгэмд амьдарч буйгаа ухаарч байна уу? гээд тас алгадах шиг. Тархины, зүрхний бичлэг шиг үелзэлд живүүлж, орхив. Нэгдүгээр үзэгдлийн төгсгөлд Уистон Смит, Жулияны захидлыг уншчихаад гүйж буй хэсгийн гэрэлтүүлэг, хөгжмийн найруулга бол найруулагч М.Батболд, жүжгийн хөгжмийн зохиолч Д.Нямхүү нарын санаа нэг шугамд огтлолцсоны хамгийн тод илрэл болов уу. 

Намын эсрэг гэмт хэрэг үйлдэн, дурлалцах Уистон Смит, Жулиян хоёрын хувь тавилан хаашаа эргэхийг, ер нь бид хаашаа яваад байгааг “1984”-н тусгалаас хараарай. Магадгүй танд юм бодуулах мөн сонирхуулах 19 эшлэлийг тэндээс авч ирлээ.

  1. Үзэн ядалт бол манай намын гишүүдийн сонор сэрэмж билээ.
  2. Хаана ч амьдрах аргаа олж чаддаг харх.
  3. Харанхуй үгүй газар уулзъя.
  4. Үг багассанаар давхар бодолтон болох эрсдэл багасна.
  5. Хүмүүс сэтгэхээ больчихвол тэднийг идэвхжүүлэх уриа лоозон ямар ч хэрэггүй болно.
  6. Сүрчиг бол миний хувьд эрх чөлөөний бэлгэдэл.
  7. Хүмүүс яагаад амин чухал зүйлийнхээ төлөө тэмцдэггүй юм бэ?
  8. Дэлхий ертөнц ясандаа тултал хөгцөрч, ялзраасай билээ.
  9. Бид сүүлдээ харахгүйгээр, ярилцахгүйгээр, тэврэлдэхгүйгээр ойлголцдог болсон.
  10. Чи харанхуй шөнийг ганцхан ширхэг шүдэнзээр гэрэлтүүлж чадна гэдэгт итгэдэг бяцхан жаал.
  11. Хүн өөртэйгөө ижил зоригтноо мэдэрдэг.
  12. Үнэнийг олж мэдсэн хүн үхдэг.
  13. Хэрвээ би хүсвэл савангийн хөөс болоод нисэж чадна.
  14. Сексгүй амьдрал насан туршийн цөллөгөөс ялгаагүй.
  15. Жулия би чамтай учирснаас хойш амьдралыг амталж байна.
  16. Зөвхөн хайр бие сэтгэлийг нэгтгэдэг
  17. Эрүүл саруул ухаан бидний хамгийн үнэтэй зүйл
  18. Нам дайсантай биш ард иргэдтэй тэмцдэг
  19. 2+2=5

Мөн үзэл санаагаа худалдчихвал эрх чөлөө хаана орших вэ? гэх асуултын сүүдэр томорсоор жүжиг дуусах шиг cанагдлаа.